Уншиж байна ...

Булган аймгийн Засаг дарга асан Б.Ариун-Эрдэнийн хүү А.Сүхбат мэргэжлийн сүмод элслээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 17 цаг 16 минут
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмогийн Нэгдүгээр сарын тэмцээн ирэх Ням гарагт эхэлнэ. 

Өчигдөр шинэ бөх элсүүлэх шалгалт Токио хотын Сүмогийн ордонд болжээ. Мэргэжлийн сүмод шинээр элсэх бөх хамгийн багадаа 167 см өндөр, 67 кг жинтэй байх ёстой. 

Энэ сарын тэмцээнд найман бөх шалгуулсны нэг нь Монголын бөх Ариун-Эрдэнийн Сүхбат байв.

Өдгөө 24 настай А.Сүхбат "Асахияма" дэвжээнд элссэн бөгөөд 176 см өндөр, 130 кг жинтэй байжээ. Японы Сэншү их сургуульд 2021 оноос суралцаж буй тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бүх Японы сурагчдын аварга шалгаруулах сүмогийн тэмцээнд оролцоод шөвгийн 16-д шалгарсан байна.

Сонирхуулахад түүний аав нь Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Ариун-Эрдэнэ аж. 

Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Ариун-Эрдэнэ самбо бөхөөр дэлхийн аварга болж, Азид тав, улсад 13 түрүүлсэн нэгэн. Мөн жүдогоор улсад найм түрүүлж, тивийн аваргаас мөнгөн медаль хүртэж байв. 

Б.Ариун-Эрдэнэ 2004 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлснээр аймгийн арслан цол хүртжээ.

 

Эх сурвалж: Sponichi