Уншиж байна ...

АНУ гадаадын жуулчдын сүүлийн таван жилийн сошиал медиа хэрэглээний түүхийг шалгадаг болох гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-д ирэх гадаадын жуулчдын сүүлийн таван жилийн сошиал медиа хэрэглээний түүхийг шалгадаг болох журмын саналыг Вашингтоны холбогдох албаныхан танилцуулжээ.

Гэхдээ энэ нь тус улсад 90 хоногийн хугацаанд визгүй зорчдог орнуудын иргэдэд үйлчлэх гэнэ.

Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны нэгдүгээр сард Цагаан ордонд буцаж ирснээсээ хойш АНУ-ын цагаачлал, хил хамгаалалтын бодлогыг чангатгах олон төрлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа.

Шинэ журам хэрэгжвэл АНУ-ыг чиглэсэн аялал жуулчлалыг огцом бууруулж болзошгүй гэсэн болгоомжлолтой санал нийлэхгүй байгаагаа Трамп илэрхийлжээ.

“Би тэгж бодохгүй байна. Бид маш сайн ажиллаж байгаа. Бид зүгээр л энд ирэх хүмүүсийг аюулгүй байгаасай гэж хүсэж байна. Манай улсад буруу хүмүүс нэвтрэхгүй байхад зөвхөн анхаарал тавих болно” гэж Трамп сэтгүүлчийн асуултад хариулсан байна.

Канад, Мексик улсуудтай хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулах АНУ-д ирэх онд гадаадаас ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэх төлөвтэй байгаа.

Мөн 2028 онд Лос-Анжелес хот Зуны Олимпын наадмыг зохион байгуулах гэж байгаа билээ.

Шинэ журмын саналыг Гааль, Хил Хамгаалалтын Газар, түүний харьяалагддаг Дотоод Хэргийн Яам хамтран боловсруулжээ.

Их Британи, Ирланд, Франц, Австрали, Япон зэрэг дэлхийн 40 орчим орны иргэд АНУ-д 90 хоног хүртэл хугацаанд визгүй зорчих эрхтэй байдаг.

Эдгээр орнуудын иргэдээс сошиал медиа хэрэглээний мэдээллийг авахаас гадна сүүлийн таван жил ашиглаж буй утасны дугаар, имэйл хаяг, гэр бүлийн гишүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг авахаар саналд тусгажээ.

Трампын засаг захиргаа өмнө нь оюутны болон мэргэшсэн ажилчдын H1B төрлийн виз горилогчдын сошиал хэрэглээг шалгадаг болох гэж байгаагаа зарлаж байсан юм.

Ингэхдээ тухайн хүний “гадаадын терроризм болон үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн бусад үзэл санааг сурталчилсан, тусалсан, дэмжсэн, эсвэл анти семитист үйлдэл гаргаж байсан эсэхийг” шалгахаа мэдэгдэж байлаа.

Саяхан бас Трампын засаг захиргаа Африк, Ойрх Дорнод, Карибын бүс нутгийн 19 оронд тавьсан визийн хоригоо өргөжүүлж болзошгүй байгааг зарлаж байв.

Дээрх арга хэмжээнүүд нь АНУ-ын аялал жуулчлалын салбарт хэдийнээ нөлөөлөөд эхэлсэн байна.

Энэ оны эхээр Дэлхийн Аялал Жуулчлалын Зөвлөл гаргасан тайландаа дэлхийн 184 орноос зөвхөн АНУ-д 2025 онд гадаадын жуулчдын зарцуулах мөнгөний хэмжээ буурах төлөвтэй байгааг анхааруулж байв.

Үүнээс гадна Трампын засаг захиргааны бодлогыг эсэргүүцсэн Канадын иргэд АНУ-д зорчихоо эрс багасгасан нь аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж эхлээд байгаа.

Тухайлбал энэ оны эхний арван сарын хугацаанд Канадаас АНУ-д ирдэг жуулчдын тоо сар бүр дараалан буурсан байна. АНУ-д ирдэг гадаадын жуулчдын дөрөвний нэгийг канадчууд бүрдүүлж, жилд $20 тэрбумыг зарцуулдаг тухай US Travel Association байгууллагаас гаргасан тоо баримт бий.

 

Эх сурвалж: BBC