Уншиж байна ...

АНУ-ын цагаачлалын алба Ираны иргэдийн хоёр дахь бүлгийг албадан нутаг буцаажээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 12 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргаа АНУ-аас гадаадын хууль бус иргэдийг албадан гаргах хөтөлбөрийнхөө хүрээнд Ираны бүлэг иргэдийг энэ оны есдүгээр сарын сүүлээр тусгай үүргийн нисэх онгоцоор нутаг буцааж байсан юм. Энэ нь Вашингтон, Тегераны эрх баригчдын хамтын ажиллагааны ховор тохиолдол байлаа.

Тэгвэл хоёр дахь бүлэг иргэдийг тээвэрлэсэн нисэх онгоц өчигдөр Иранд иржээ.

Ираны нийт 50 иргэнийг тээвэрлэсэн онгоц Ням гарагт Аризона мужийн Меса хотоос хөөрч, Кайр, Кувейтээр дамжсаны дараа өчигдөр Тегеранд газардсан тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Ираны гадаад хэргийн яам уг мэдээллийг баталсан бол АНУ-ын цагаачлалын албаныхан аюулгүй байдлын шалтгаанаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Ираны иргэдийн ихэнх нь Тегераны дэглэмийн хавчлага, дарамтаас зугтан АНУ-д цагаачилдаг гэдэг.

Өчигдөр Иранд буцсан хүмүүсийн дотор загалмайн шашинтнууд болон бэлгийн цөөнх байсныг цагаачдад туслах зорилготой “Borderland Companions of Hope” байгууллагын гишүүн Жозеф Бах мэдээлжээ.

Тэрбээр сүүлийн нислэгийг “Христийн шашинд хамгийн харш үйлдэл. Би үүнийг үхлийн нислэг гэж нэрлэмээр байна” гэж хэвлэлд ярьсан байна.

Харин Тегераны албаныхан эсрэгээр нь өчигдрийн нислэгээр ирсэн иргэдийг “АНУ-д гадаадын болон Ираны цагаачдыг ялгаварлан гадуурхах явдал нэмэгдсэнтэй холбоотой сайн дурын үндсэн дээр эх орондоо буцсан” хэмээн тайлбарлажээ.

 

Эх сурвалж: BBC