Уншиж байна ...

Өөрийнх нь талд тулалдаж байсан АНУ-ын иргэний амийг хөнөөсөн Оросын армийн цэргүүд шүүхээс ял сонсжээ

Т.Давааням, ikon.mn
2 цаг 42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украины дайнд Оросын талд сайн дурын үндсэн дээр тулалдаж байсан АНУ-ын иргэний амийг хөнөөсөн гурван орос цэрэг өчигдөр шүүхээс 12 хүртэл жилийн хорих ял сонсжээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Оросын хяналтад байдаг Донецкийн бүс нутагт байлдаж байсан 63 настай Рассел Бэнтли сураггүй алга болсон юм.

Оросын армийн цэргүүд түүнийг Украины талд ажилладаг гадаадын туршуултай андууран баривчилж, тарчилган зовоож алаад хэргээ нуухын тулд цогцсыг нь автомашинд дэлбэлснийг мөрдөгчид сүүлд олж тогтоосон юм байна.

Донецкийн цэргийн шүүх уг хэргийг үйлдсэн хоёр алба хаагчид 12 жил, нэг алба хаагчид 11 жилийн хорих ял тус тус оноожээ.

Бэнтли нь Техасын уугуул бөгөөд улс төрийн зүүний үзэлтэн гэдгээрээ танигдсан хүн юм байна. Түүнийг "Путиний суртал нэвтрүүлэгч" болсон тухай анх Роллинг Стоунз сэтгүүл 2022 онд мэдээлж байв. Улмаар тэр “Донбасын Ковбой” хэмээх хочоороо алдаршжээ.

Бэнтли 2021 онд ОХУ-ын иргэний харьяалалтай болж, Кремлийн суртал нэвтрүүлгийн Спутник агентлагт дайны талбараас мэдээ, сурвалжилга нийлүүлдэг байжээ.

Украины пуужингийн цохилтын дараа үүссэн нөхцөл байдлын зургийг камерт буулгаж байсан Бэнтлийг цэргүүд олж баривчилсан юм байна. Өөрийгөө хэн болохыг танилцуулахад үл тоомсорлосон цэргүүд Бэнтлийг зодож, тарчилган зовоосны эцэст амийг нь хөнөөжээ.

Дараа нь цэргүүд хэний амийг хөнөөснөө мэдээд үйлдсэн хэргээ нуун дарагдуулахын тулд Бэнтлийн цогцсыг автомашинд хийж, дэлбэлсэн юм байна.

Даваа гарагт Оросын хэвлэлүүд эмгэнэлийн мэдээндээ Донбасын салан тусгаарлагчдын туг далбааны өмнө, Большевик удирдагч Владимир Лениний цээж барималтай цуг авхуулсан Бэнтлийн гэрэл зургуудыг нийтэлжээ. Кремлийн суртал нэвтрүүлгийн хэрэгсэл болох “Russia Today” сувгийн ерөнхий эрхлэгч Маргарита Симоньян сошиал хуудсандаа Бэнтлийг “Донецкийн ард түмний төлөө амиа зориулагч” хэмээн магтан бичиж байв.

 

Эх сурвалж: Reuters