Уншиж байна ...

Венесуэлийн Мадуротой утсаар ярьснаа АНУ-ын ерөнхийлөгч Трамп баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуротой утсаар ярьсан гэх мэдээллийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп баталсан ч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Ням гарагт тэр нисэх онгоцонд сэтгүүлчидтэй уулзахдаа энэ талаар асуухад “Хариулт бол тийм. Гэхдээ би энэ талаар дэлгэрүүлж ярихыг хүсэхгүй байна” гэж хариулжээ.

Үүнээс өмнө "Нью Йорк Таймс" сонин энэ сарын эхээр Трамп, Мадуро нар утсаар ярихдаа АНУ-д уулзах боломжийг хэлэлцсэн тухай мэдээлсэн юм.

Трамп өчигдөр “Яриа сайн, эсвэл муу болсон талаар би хэлэхгүй. Ямартай ч утсаар ярьсан нь үнэн” гэж хэлжээ.

Сүүлийн өдрүүдэд тэр Венесуэлийн эсрэг дайсагнасан агуулгатай мэдэгдлүүдийг ар араас нь хийсээр байгаа.

Тухайлбал Бямба гарагт тэр Венесуэлийн нутаг дэвсгэр болон түүнийг хүрээлсэн газрын дээрх агаарын орон зайг “бүрэн хаалттайд тооцох” хэрэгтэйг агаарын тээврийн компаниудад анхааруулсан юм.

Трампын засаг захиргаа АНУ-ыг чиглэсэн хар тамхины гол эх сурвалжийг Венесуэл улс, үүнд ерөнхийлөгч Мадурог оролцоотой гэж үздэг.

Тиймээс хар тамхины тээвэрлэлттэй тэмцэх нэрээр Карибын тэнгист төвлөрүүлсэн байлдааны зэвсэг техникийг үнэндээ Мадурогийн дэглэмийг түлхэн унагах зорилготой байж магадгүй гэсэн таамаг яригдаж байна.

Трамп өмнө нь бас АНУ-ын арми Венесуэлд хуурай замын байлдааны ажиллагаа явуулах тухай санаа цухуйлгаж, Тагнуулын Төв Газарт тус улсын нутаг дэвсгэр дээр нууц ажиллагаа явуулах зөвшөөрөл өгснөө хүлээн зөвшөөрч байв.

Мадуро өөрийгөө хар тамхины наймаатай холбоотойг үгүйсгэж, хэрвээ АНУ халдвал Венесуэлийн зэвсэгт хүчин, ард түмэн хариу арга хэмжээ авахад бэлэн байгааг удаа дараа мэдэгдсээр байгаа.

 

Эх сурвалж: Reuters