Төгсөх ангийн сурагчид хандивын аян санаачилж, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-ийн Эрүү нүүрний мэс заслын тасагт багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Хандивын аяныг АНУ-д боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "The Brilliant Minds Globa" ТББ болон "Менторшип 2025" хөтөлбөр хамтран зохион байгуулжээ.
Тус хөтөлбөрт АНУ, Монгол болон дэлхийн таван улсад суралцаж буй 112 ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хамрагдсан бөгөөд тэд АНУ-ын их дээд сургуульд элсэн суралцахаар бэлтгэж байгаа аж.
Нийгмийн сайн сайхны төлөөх энэхүү хандивын аянд нэгдсэн сурагчид дараах сэтгэгдлийг илэрхийлж байна.
"British School of Ulaanbaatar" сургуулийн сурагч А.Ариун-Эрдэнэ: Бидний хандивын аяныг маш олон хүн дэмжиж, таатай хүлээн авсан.
Анхандаа ийм их мөнгө цугларна гэж бодоогүй ээ. Ингээд өнөөдөр тоног төхөөрөмжөө аваад ЭХЭМҮТ-д хандивласандаа үнэхээр их баяртай байна.
Зургаан хүүхэд тутмын нэг нь эрүү нүүрний гажигтай төрөх магадлалтай байдаг тухай өмнө нь сонсож байсан. Гэтэл эмчилгээний тоног төхөөрөмж хуучирсан, хүлээлгэд олон хүүхэд байдаг юм билээ. Тиймээс ч хандиваар цугларсан мөнгөөрөө энэ төрлийн эмчилгээний багажийг авсан.
"Менторшип 2025" хөтөлбөрт нийт 100 гаруй хүүхэд оролцсон. Өнөөдөр 20 гаруй хүүхэд төлөөлж ирсэн байгаа.
“Монгол тэмүүлэл” сургуулийн сурагч Л.Энхлэн: Бидний хандив цуглуулах үйл ажиллагаа хоёр сарын хугацаанд үргэлжилсэн. Олон хүүхдэд инээмсэглэл бэлэглэх үйлст нэгдсэндээ бид баяртай байна.
"Шинэ Монгол" сургуулийн сурагч А.Батдорж: Ийм том хэмжээний сайн дурын ажилд оролцсон нь миний хувьд анхных. Бидний хандивын үйл ажиллагааг Н.Болортуяа багш маань удирдан чиглүүлсэн.
Монголын олон мянган үрсэд өөртөө итгэлтэй инээмсэглэх боломжийг олгох зорилготой бидний ажлыг дэмжиж оролцсон, хандив өгсөн бүх хүмүүстээ баярлалаа.
Үргэлжлүүлэн эрүү нүүрний мэс заслын багаж, тоног төхөөрөмжийн ач холбогдлын талаар ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Эрдэнэцогтоос тодруулснаа хүргэж байна.
Тэрбээр хэлэхдээ "Өнөөдөр онцгой сайхан өдөр болж байна.
ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасагт нэн шаардлагатай ясны мэс заслын хөрөө, иж бүрдэл багажийг хүүхдүүд бидэнд хандивлалаа.
Төгсөх ангийн 12 дугаар ангийн "Менторшип 2025" хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд маань хандивласан.
Тус багаж 100 орчим сая төгрөгийн үнэ өртөгтэй. Олны хүч оломгүй далай гэдэг шиг хүсэл зорилгоороо нэгдээд манай тасагт ийм хандив өгч байгаад маш их талархаж байна.
Нүүр төрхийн гажиг заслыг багажаар засаж чадахгүй тохиолдолд зайлшгүй ясны мэс засал хийгддэг. Энэ тохиолдолд уг багаж нэн шаардлагатай болдог.
Нэг талаараа хүүхдийн зуултыг засаж байгаа боловч нөгөө талаараа гоо сайхны асуудал байдаг.
Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад эмчилгээний зардал дунджаар 20 орчим сая төгрөгийн үнэтэй. Бид ийм багажтай болсноор хүүхдүүддээ үнэ төлбөргүй эмчилгээг хийх боломжтой болсон гэсэн үг" хэмээн хэлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!