Уншиж байна ...

Хот, суурины цаг агаарын урьдчилсан мэдээг гурван цагийн нарийвчлалтайгаар харж болдог боллоо

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) нь хот, суурины гурван хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг өмнө нь 12 цагийн нарийвчлалтайгаар хүргэдэг байснаа гурван цаг болгон шинэчилсэн байна. 

Гурван цагийн нарийвчлалтай мэдээг weather.gov.mn сайтаар харж болно. 

Энэ нь өндөр хүчин чадалтай тооцоолох төхөөрөмжийн шинэчлэлийн үр дүн бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, илүү нарийвчилсан мэдээлэл хүргэхэд чиглэсэн томоохон алхам боллоо гэдгийг онцлов. 

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаарын улирал, хоног хоорондын хэлбэлзэл нэмэгдэж, цаг тутмын өөрчлөлт эрчимжиж байгаа өнөө үед энэхүү шинэчлэл нь цаг агаар, уур амьсгалын нөлөөлөл ихтэй үйл ажиллагааны төлөвлөлтөд чухал ач холбогдолтой аж. 

Улмаар иргэд, байгууллагууд илүү нарийвчилсан мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах, цаг агаар, уур амьсгалын нөлөөлөл ихтэй барилга, зам тээвэр, эрчим хүч, газар тариалан, аялал жуулчлал зэрэг салбарууд үйл ажиллагаагаа нарийн төлөвлөж эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм байна. 

Зүгшрүүлэлтийн ажил 2025 оныг дуустал үргэлжлэх аж. 

зураг