Уншиж байна ...

ҮХЦ-ийн их суудлын хуралдаанд гэрчээр оролцох болсон УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарын байр суурь

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндсэн Хуулийн Цэц(ҮХЦ)-ийн их суудлын хуралдаанаар өнөөдөр Улсын Их Хурал(УИХ)-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Ерөнхий сайдыг огцруулсан асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна. 

Тус хуралд УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч гэх давхар статусаар оролцох боломжгүй гэж үзэн гэрчээр оролцуулахаар болсныг хуралдаан даргалагч мэдэгдсэн.

Энэ талаар дээрх хоёр гишүүн их суудлын хуралдаан завсарласан үеэр байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: УИХ-ын болон холбогдох хууль тогтоомжуудын дагуу нэр бүхий гишүүдийг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Үүнд миний нэр байсан. УИХ шийдвэрээ ямар үндэслэлээр гаргасныг хамгаалж ярих хүмүүс нь УИХ-ын гишүүд өөрсдөө. 

Өнөөдөр хүч түрж, хурал даргалагч нь ганцаараа тайлбар хийж, бидний гаргасан бүх хүсэлтийг хүлээж авсангүй. Ц.Сандаг-Очир гишүүн бид хоёрыг ярих буюу УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлж, УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгосонгүй. Мөн УИХ-ыг институтийнх нь хувьд бүрэн эрхэд халдлаа. Ямар үндэслэлээр гэрчээр тогтоосон гэдгээ хэлээгүй. Надад гэрчлэх зүйл байхгүй. Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн 71 гишүүний нэг нь би. Ийм байдлаар хүч түрж, Үндсэн хууль, процессын хуулиудаа илтэд зөрчиж, үр дагавартай юмнууд явлаа. Туйлын харамсалтай байна. Гэрчээр тогтоосон, маргаан үүсгэсэн зэрэг тогтоолыг үзүүлсэнгүй, гомдлуудыг авч хэлэлцсэнгүй.

Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч үгээ хэлэнгүүт шууд дамжуулалтыг унтрааж байна. Юунаас айж сандарч хуйвалдаан хийж байгаа юм бэ. Монгол Улсын Үндсэн хуульт ёс, парламентын ёсыг нураахад дахиад нэг алхчхав уу даа гэх болгоомжлол, эмзэглэл байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: УИХ-ын зүгээс тавьсан гомдлуудад хуралдаан даргалагч өөрийн үзэмжээр хандаж байна. Өнөөдрийн хуралдаан, үдээс хойшийн хуралдааны байдлыг харахад Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр тодорхой болчихсон гэж дүгнэхээр байгаа. Асуудалд субъектив байдлаар хандаж байгаа, бүрэлдэхүүнтэй шийдэх асуудлыг өөрөө ганцаарчилж шийдвэр гаргаж байгаа байдлыг харахад Цэцийн шийдвэр тодорхой болчихсон гэж хардах эрхийнхээ хүрээнд үзэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахыг 71 гишүүн өргөн барьсан. 71 гишүүнийг төлөөлж 15, 16 гишүүн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн хуралдаанд оролцож байгаа. Хуулиараа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа хүмүүс үг хэлэх, тайлбараа хэлэх, асуултад хариулах бүрэн эрхтэй. Гэтэл П.Сайнзориг гишүүн бид хоёрыг энэ боломжоор хангахгүй, гэрчээр оролцуулж байгаа нь хэний үзэмжээр, ямар субъектив байдлаар хандаж байгаа нь хардлага төрүүлээд байгаа.

https://www.facebook.com/iKonNews/videos/1505343894061152