Үндсэн Хуулийн Цэц(ҮХЦ) өнөөдөр их суудлын хуралдаанаараа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Ерөнхий сайдыг огцруулсан асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаас сэтгүүлчид байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө хүсэлтээ өгсөн ч огцруулахдаа яг адилхан томьёоллоор санал хураалт явуулахаар С.Бямбацогт дарга горимын санал гаргаж, тэр нь дэмжигдсэнээр яг адилхан Үндсэн хуулийн зүйл заалтаар, үг үсгийн зөрүүгүй дэгийн зүйл заалтаар, Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны саналаар санал хураалт явуулъя гээд Г.Занданшатар дарга өөрөө санал хураалт явуулж байсан протокол нь олон нийтийн сүлжээнд бий.
Гэтэл адилхан санал хураалт явуултал өөрийнх нь хүссэнээр санал гараагүйгээс болоод ҮХЦ-д хандсан. Хэрэв Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулъя гэдэг томьёоллоор санал хураагаад огцорсон бол намайг бас л ҮХЦ-д өгөх байсан. Энэ бол аль нэг томьёололтой нь зууралдаж байгаа биш, 111 гишүүнээс 71 гишүүн өөрийг нь огцруулахыг дэмжсэн тул УИХ-ын шийдвэрийг хүндэтгэхгүй, процесстой нь зууралдуулж байна гэж хувь хүнийхээ хувьд үзэж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!