Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан хүсэлтийн дагуу УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үйл ажиллагаа болон УИХ-аас гаргасан Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж байна.
Их суудлын хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтыг байр суурийг хүргэж байна.
Тэрбээр “Би Монгол Улсын Ерөнхий сайдыг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар Монгол Улсын ард иргэд Ерөнхий сайд болон Засгийн газрын байр суурийг сонсоосой гэж үгээ нэлээн сайн бэлдсэн байсан. Харамсалтай нь миний үгийг шууд дамжуулагдаагүй юм шиг байна. УИХ-ын гишүүд ч хурлыг нээлттэй явуулж, үгээ сонсгохыг хүссэн.
Их суудлын хуралдааныг нээлттэй явуулах эсэхийг хуралдаан даргалагчийн эрх, үүрэг байдаг байх.
Нэг зүйлийг хэлэхэд, тэгш бус байдалтай хуралдаан болж байна. Засгийн газар талаас 3-4 хүн суучихсан. Их хурлын талаас 20-иод хүн байна. УИХ-ын гишүүд олуулаа суучихаар илүү олон минут яриулах, гаргасан хүсэлт болгоныг нь сонсох байдал ажиглагдаж байна. Өөрөө хэлбэл, бид нотлох баримт гаргаж өгөөд нэмэлт байна уу үгүй юу гэдэг асуудлын хүрээд ярьж байхад УИХ-ын гишүүдийн зүгээс нотлох баримтаас гадна хүсэлт, гомдол гаргаж, тэр болгоныг нь шийдэж өгч байна. “Бид 30 минут ярина” гэхээр нь 30 минут яриулах юм. Гэтэл Засгийн газар талаас 10 минут яриулаад “Одоо болно. Хугацаа хэтэрлээ” гэх юм.
Үдээс хойших хуралдаанд хоёр талыг тэнцүү яриулж, өөр өөрсдийн байр сууриа хамгаалах боломж олгоно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!