Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "Thunderpick World Championship 2025" тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өчигдөр Мальт улсад өндөрлөлөө.
Нийт 850,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд найман баг А болон В хэсэг хуваагдан тоглов.
Манай улсын "The MongolZ" баг хэсгийнхээ сүүлийн тоглолтыг өнгөрсөн шөнө Аргентины "9z Team" багийн эсрэг "Во3" (гурав "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:0 онооны харьцаатай ялалт байгууллаа.
Ийнхүү тэд А хэсгээс хоёрдугаар байраар шөвгийн дөрөвт шалгарсан бол нэгдүгээр байрыг Бразилын "FURIA" баг эзэлсэн. Харин В хэсгээс Украины "Natus Vincere" болон Туркийн "Aurora gaming" гэсэн багууд шөвгийн дөрөвт хүч үзнэ.
Манай улсын багийн хувьд шөвгийн дөрөвт Украины "Natus Vincere" багийн эсрэг өнөө шөнийн 01:30 цагт "Во3" журмаар тоглох хуваарьтай байна.
Хэрэв тэд өнөө шөнийн тоглолтод хожвол "Thunderpick World Championship 2025" тэмцээний аваргын төлөө Бразилын "FURIA" болон Туркийн "Aurora gaming" багийн аль хожсонтой нь маргааш 23:00 цагт мөн адил "Во3" журмаар тоглоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!