НИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаан өнөөдөр болж байна.
Өнөөдрийн хурлаар газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах, тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжүүдийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журам батлах, Тавдугаар цахилгаан станцын түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай, Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төсөл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэнэ.
Энэ үеэр НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн талаар тодруулга өглөө.
Тэрбээр "НИТХ-ын төлөөлөгч Эрдэнэсүхийн асуудлаар Хан-Уул дүүргийн нэр бүхий иргэнээс есдүгээр сарын эхээр НИТХ-ын Ажлын албанд өргөдөл ирсэн. Ингээд өргөдөл гаргасан иргэн болон түүний охин, төлөөлөгч Эрдэнэсүхтэй биечлэн уулзсан юм.
Өргөдөл гаргагчийн нөхцөл байдлыг судалж үзэхэд ёсзүйн зөрчил гэхээсээ илүүтэй гэмт хэргийн шинжтэй, бусдын эрх, эрх чөлөөнд халдсан үйлдэл байх учраас хуулийн байгууллагаар шийдүүлэх нь зүйтэй гэдэг саналыг тавьсан. Энэ үед өргөдөл гаргагчийн зүгээс Хан-Уул, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдлөө өгсөн, хянуулж байгааг бидэнд хэлсэн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд НИТХ-ын төлөөлөгчийн ёсзүйн дүрэмтэй байна гэж заасан байдаг. Энэ дагуу 2017 онд НИТХ-ын ёсзүйн дүрэм батлагдаж, төлөөлөгчдийн ёсзүйн хэмжээ уг дүрмээр зохицуулагддаг. Дүрэм ёсоор хурлын төлөөлөгчид хүлээлгэх хариуцлага нь зөвлөмж, сануулга өгөх.
Бид Эрдэнэсүх төлөөлөгчтэй уулзаж, зөвлөмж, сануулга өгсөн байгаа. Сануулга өгөхдөө асуудлыг хуулийн байгууллагаар эцэслэн шийдэгдэх хүртэл НИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаан болон бусад зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд оролцуулах боломжгүйг хэлсэн.
НИТХ-ын төлөөлөгчийн ёсзүйн асуудал нь Засаглал эрхзүйн хороонд хамаардаг. Уг асуудлыг тус хороонд шилжүүлсэн" хэмээн ярилаа.
Төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт яллагдагчаар татсан болохыг прокурорын байгууллагаас мэдэгдээд байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!