Багш нар маргаашаас эхлэн ажил хаяхаа албан ёсоор мэдэгдсэн. Харин Боловсролын сайд үүнийг хууль бус үйлдэл хэмээсээр буй.
Энэ асуудалд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр дараах тайлбарыг өгөв.
Тэрбээр "Хөдөлмөрийн аливаа маргаан бол хуулиар зохицуулагддаг. Хэлэлцээр гурван үе шаттай явах ёстой.
Нэгдүгээрт маргалдагч хоёр тал харилцан тохиролцоно. Тохиролцоонд хүрээгүй бол хоёрдугаар үе шатанд зуучлагч томилж ажиллуулдаг. Манай яамнаас зуучлагч томилогдон ажилласан ч үр дүнд хүрээгүй тул гурав дахь үе шатанд арбитр томилон ажиллуулж байна. Арбитрын гаргасан шийдвэр бол эцсийнх.
Ажил хаях гэж буй багш нартаа хэлэхэд арбитр Даваа гарагт томилогдсон, 10 хоног ажиллах ёстой. Шийдэлд хүрэхгүй бол шүүхэд шилждэг. Томилогдсон арбитраас хэн ч татгалзах боломжгүй бөгөөд шийдвэр нь эцсийнх байдаг.
Гарсан шийдвэр таалагдахгүй байна гэж үзвэл шүүх дээр маргаан үүсгэнэ. Харин шүүх дээр хууль бус ажил хаялт байна гэж шийдвэр гарвал багш нарын ажил хаясан хугацааны цалин, нэмэгдлийн асуудал гарна. Энэ бол эдийн засгийн үр дагавартай үйл ажиллагаа шүү.
Ажил хаях тохиолдолд хуулийнхаа дагуу ажлаа хаяарай гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд зөвлөж байна.
Засгийн газраас тодорхой хэмжээнд шийдвэр гаргахаар оролдож байна. Иймд хүлээцтэй хандана уу. Хууль бусаар ажил хаясан гэж үзвэл шүүх дээр ажил хаясан багш нарын цалингийн асуудал яригдана. Турхирч, удирдаж байгаа хүмүүс нь болгоомжтой хандах ёстой" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!