Уншиж байна ...

П.Наранбаяр: Үндсэн цалинг маргаашаас эхлэн шууд ₮3.5 сая болгох эдийн засгийн ямар ч боломжгүй

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр багш ажилчдын цалин хөлс болон ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах тухай Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг хүргэсэн юм. 



Тэрбээр хэлэхдээ "Боловсролын салбарт юу болоод байгааг ярья.

Сангийн сайдын дурдсанчлан боловсролын салбарт үндсэн цалинг 20 хувиар нэмэхээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зарчмын шийдвэр гарч байна.

Ингэснээр боловсролын салбарт ажиллаж буй 90,000 гаруй хүний үндсэн цалингийн асуудал 20 хувиар нэмэгдэхээр шийдэгдэж байгаа гэсэн үг. 

Нөгөө талдаа урсгал зардлаасаа буюу үйл ажиллагаа, хөтөлбөр арга хэмжээнээсээ таналт хийх шаардлагатай болж байгаа.

Энэ ажлыг бүгд хамтдаа хийхээс өөр аргагүй. Үүний зэрэгцээ ажил хаялт зарлаад байгаа Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооныхонд хандаж хэлэхэд өнөөдөр эдийн засгийнхаа бүрэн бололцоог харж энэ шийдвэрийг гаргаж байгаа шүү.

Үндсэн цалинг маргаашаас эхлэн шууд 3.5 сая болгох ямар ч эдийн засгийн боломж байхгүй. Ингэж нэмбэл 3.3 их наяд төгрөг дахиад нэмэх шаардлагатай болно.

Тэгэхээр багш ажилчдын цалинг шууд 3.5 сая болгох нь хэцүү. Бид гурван жилийн төлөвлөгөөгөө гаргаад жил болгон шат дараатай нэмж, багш нарын зориод байгаа цалингийн нэмэгдлийг бүгдээрээ ярилцаад явъя.

Гэр Бүл, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас сайд нь хэлэх байх. Ажил хаялтын тал дээр өнөөдөр арбитр нь томилогдоод маргаан үргэлжилж байна" гэлээ. 

"Манай улсын боловсрол орон зай, цаг хугацаанаас үл хамааран олон хүнд хүрэх боломжтой"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Өнөөдөр цахим сургууль байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа.

Энэ бол Монгол Улсын боловсролын цахим шилжилтэд нэлээд онцлох үйл явдал. Ахлах сургуулийн 17,000 хүүхдэд ийм сургалт хийж, гэрчилгээжүүлэх боломжтой болж байна. 

Ингэснээр манай улсын боловсрол орон зай, цаг хугацаанаас үл хамааран олон хүнд хүрэх боломжтой. 

Жишээ нь Дорнодын Матад суманд байгаа хүүхэд яг Улаанбаатар хотод байгаа сайн сургуулийн сайн багшийн хичээлийг шууд үзэх боломжоор хангагдаж байна гэсэн үг.

427 багш өнөөдөр цахим платформ дээрээ ажиллаж байгаа. 20,000 гаруй хичээл цахим санд бий.

1-5, 6-12 дугаар ангийн бүх сурах бичиг интерактив байдалтай болсон. Цахим сурах бичгийг шууд хэрэглээд 20,000 гаруй контентоо үзээд Монгол Улсын өнцөг булан бүрд чанартай боловсролыг эзэмших боломж байна" гэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1532887261068634