Уншиж байна ...

"Төрийн бүх шатны үйл ажиллагааны зардлыг 10 хувь танавал багш, эмч нарын цалин болон тэтгэвэр нэмэх орон зай гарна"

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар багш, эмч нарын цалин болон ахмад насны тэтгэврийг нэмэх талаар судлах үүргийг холбогдох сайд нарт өгчээ. 

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Төсвийн төслийг Улсын Их Хурал(УИХ)-д өргөн барьсан байгаа тул аль талд нь шийдвэрлэх боломж байгааг судлахаар боллоо. Урсгал зардлаас танах уу, хөрөнгө оруулалтын зардлаас хасах уу гэдгийг УИХ эцэслэн шийдэх ёстой.

Багш, эмч нарын цалин болон ахмад насны тэтгэвэр нэмэхэд нийтдээ 830 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Иймд яамдын урсгал зардлаас танах шаардлага үүсэж байна. Тухайлбал Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийг бууруулах магадлалтай.

Ахмад насны тэтгэврийг 8 хувиар нэмэх асуудлыг судална. Энэ хэмжээгээр нэмэгдүүлэхэд 490 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдахаар байгаа" гэв.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан "Боловсролын салбарын багш, ажилтнууд, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, ахмад насны тэтгэврийг нэмэхэд 830 тэрбум төгрөг шаардлагатай. 

Төсөв бол гурван хэсгээс бүрддэг. Нийтдээ 32 их наяд төгрөг.

  • 8 их наяд төгрөг нь хөрөнгө оруулалт
  • 8 их наяд төгрөг нь нийгмийн даатгалын сан болон эрүүл мэндийн даатгалын сан
  • 17 их наяд төгрөг нь урсгал зардал.

17 их наяд төгрөгийн урсгал зардалд бүх яамны урсгал зардал, байр ашиглалт, хүүхдийн мөнгө гээд бүх зардал багтдаг. 

Төсвийг дахин задалж цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх зэрэг нь төсвийн хувьд ямар ч боломжгүй. Нөөц боломж байхгүй. Энэ жилийн өргөн барьсан төсөв нь маш олон хязгаар, жилийн төлөвлөгөөнд баригдсан. Дүрмийг ягштал барьсан" гэв.

Мөн тэрбээр төсөв өргөн бариад 45 хонож байхад хоёр дахь хэлэлцүүлгээ хийгээгүй байгааг шүүмжилсэн юм. "Бидэнд хугацаа байхгүй болсон. Иймд яаралтай ажлын хэсгийг УИХ-д байгуулаад байгаа цалин, тэтгэврийг яаж нэмэх боломжтой тухай тооцооллыг хийж, хамтарч ажиллая гэж байгаа. 

Төсөвт ямар ч нөөц боломж байхгүй учраас 17 их наяд төгрөгийн урсгал зардлаас танана. Үүн дотор огт хөндөж болохгүй зардал бол хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж, гадаад зээлийн хуваарьт төлбөр зэрэг бий. Хөндөж болох урсгал зардал нь 10 их наяд төгрөгөөс доош орж ирэх бөгөөд тооцож үзвэл төсвийн ерөнхийлөн захирагч нараас жигд 10 хувь хасаж байж дээрх орон зай нь гарч ирнэ. Энэ бол амар зүйл биш, төрийн үйл ажиллагааг 10 хувиар багасаж, хойшлуулна гэсэн үг. Төрийн тэргүүн, УИХ, УИХ-ын гишүүд, бүх яамны үйл ажиллагааны зардал 10 хувь хасагдана. Шат шатандаа бүх үйл ажиллагаа 10 хувь хасагдаж байгаа юм" гэлээ. 

Цалин, тэтгэврийн нэмэгдэл нь нэг зардлаа хасаж, нөгөө зардалд шилжүүлж байгаа учраас макро түвшинд, инфляцад сөргөөр нөлөөлөх магадлал бага гэж Сангийн сайд тайлбарлав.

https://www.facebook.com/iKonNews/videos/1532887261068634