ОХУ-ын Чеченийн Бүгд Найрамдах Улсын удирдагч Рамзан Кадыров тус бүс нутгийн хамгийн дээд шагналыг хүртжээ.
“Чеченийн Бүгд Найрамдах Улсын Баатар” цолын Алтан Од медалийг гардуулах ёслол саяхан Грозный хотод засгийн газрын шинэ цогцолбор нээх үеэр тохиож, Чеченийн засгийн газрын тэргүүн Магомед Даудов түүнд гардуулсан байна.
“Төрд гарамгай гавьяа байгуулсан, ард түмэндээ харамгүй зүтгэсэн, хувийн эр зориг гаргасан, бүгд найрамдах улсын нийгэм, эдийн засгийн чадавхыг цэцэглүүлэн хөгжүүлсэн, төрийн албанд олон жил зүтгэсний төлөө” гэж Даудов цол олгох болсон шалтгааныг тайлбарлажээ.
Дараа нь тэр сошиал хуудсандаа энэ шагналыг “хамгийн дээд хүндэтгэл бөгөөд Чеченийн ард түмэн хайрт хүүдээ гүн талархал илэрхийлж буйн илрэл юм” гэж бичсэн байна.
Мөн тэр бас Рамзан Кадыровыг “Ахмат-Хаджи Кадыровын үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлж байгаа” бөгөөд түүний “ухаалаг, шийдэмгий удирдлага дор бүгд найрамдах улс хүнд хэцүү сорилтуудаас энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд амжилттай шилжсэн” хэмээн онцолжээ.
Даудов цааш нь Кадыровын амжилтыг “үнэлж баршгүй”, “тусгайлан судалбал зохистой” гэж магтсан байна.
“Чеченийн Бүгд Найрамдах Улсын Баатар” цолыг 2022 оны арваннэгдүгээр сард бий болгосон бөгөөд 750 каратын алтаар урласан 70 грамм жинтэй, найман хошуут одон дагалддаг юм.
Одонгийн дээд талд “Kъонах” (Баатар) гэсэн үг, доод талд нь “Аллах Акбар. Ахмат бол хүч чадал” гэсэн уриа үгсийг сийлсэн байдаг.
Украины дайн эхэлсэн цагаас хойш Рамзан Кадыров болон түүний гэр бүлийн 29 хүн нийтдээ 146 төрлийн шагнал хүртсэнийг судалгааны тоо баримт харуулж байна.
Эдгээрийн дийлэнх нь буюу 82 нь Чеченийн дотоод шагналууд юм.
Рамзан Кадыров өөрөө хамгийн олон буюу 41 сарын хугацаанд 31 шагнал хүртжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!