Австралийн найруулагч Габреаль Брэдигийн "The Wolves Always Come at Night" буюу "Чоно үүр шөнөөр ирдэг" баримтат кино 98 дахь удаагийн Оскарын наадмын Шилдэг олон улсын кино төрөлд Австралийг төлөөлөн шалгаруулалтад оролцохоор болжээ.
Тус бүтээлийг Австралийн "Over Here Productions", Германы "Chromosom Films" болон Монголын "Гүрү Медиа" хамтран бүтээсэн юм.
Баримтат кинонд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн Д.Даваасүрэн, Д.Отгонзаяа нарын гэр бүлийн бодит түүхээр дамжуулан нүүдэлчин соёл, уур амьсгалын өөрчлөлтийн сорилттой хэрхэн нүүр тулж байгааг өгүүлнэ. Уг кино Монгол хэл дээрх кино гэдгээрээ онцлог юм.
Академийн шагналын шилдэг олон улсын кино төрөлд нэр дэвшихээр одоогоор 86 бүтээл өрсөлдөж буй. Нэр дэвшигчид нь 2024 оны аравдугаар сарын 1-нээс 2025 оны есдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд театрын дэлгэцнээ гарсан байх учиртай.
Энэ жил Папуа Шинэ Гвиней Улсаас анх удаа "Papa Buka" буюу "Эцэг Бука" кино шалгаруулалтад оролцож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!