ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дани улсад үзэгдсэн дроныг хөөргөсөн байж болзошгүй Оросын газрын тос тээвэрлэгч хөлгийг Францын цэргүүд саатуулжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 10 сарын 2
iKon.MN

Өнгөрсөн долоо хоногт Дани улсын нисэх буудлуудын ойр орчимд үзэгдсэн нисгэгчгүй онгоцнуудыг хөөргөсөн байж болзошгүй Оросын газрын тос тээвэрлэгч хөлгийг өчигдөр Францын зэвсэгт хүчний цэргүүд саатуулжээ.

Уг хөлөг нь Өрнөдийн худалдааны хоригийг зөрчин Оросын газрын тосыг тээвэрлэдэг “сүүдрийн флот” гэгчийн нэг хэсэг байсан байна.

Энэ ажиллагааны үеэр хөлгийн ахмад болон түүний орлогчийг баривчилсан тухай Брест хотод үйл ажиллагаа явуулдаг Францын улсын прокурор Стефан Келленбергер мэдээлжээ.

Багийнхан хөлөг нь “аль улсад бүртгэлтэйг мэдүүлж чадаагүй”, “хамтран ажиллахаас татгалзсан” тул баривчилгааг явуулснаа Келленбергер тайлбарласан байна.

Есдүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд Дани улсын нисэх буудлуудын ойр орчимд нисгэгчгүй онгоцнууд үзэгдэх үеэр Оросын дөрвөн тээвэрлэгч хөлөг тус улсын эрэгт ойрхон байрлаж байсны нэг нь дээрх “Boracay” нэртэй хөлөг байсан гэнэ.

Уг хөлөг Санкт Петербургийн ойролцоох Оросын боомтоос 750,000 баррель түүхий газрын тос ачаад Энэтхэгийн Вадинар боомтын чиглэлд аялж байжээ.

Ням гарагт Францын тэнгисийн хүчнийхэн хөлгийг саатуулж, тус улсын баруун эргийн Сэйнт Назайр боомтын зогсоолд байрлуулан шалгаж эхэлсэн юм байна. Үүнийг тухайн үед Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон “зөв алхам” хэмээн сайшааж байв.

Бенин улсын далбаатай “Pushpa” нэртэй хөлөг дөнгөж өнгөрсөн долоо хоногт Дани улсын ойролцоо аялж өнгөрснийхөө дараа нэрээ “Boracay” болгон өөрчилжээ.

Тиймээс уг хөлгийг Данийн агаарын орон зайд нэвтэрсэн нисгэгчгүй онгоцнуудыг тавцан дээрээсээ хөөргөсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна.

Есдүгээр сарын 22-ны орой Копенхагены нисэх буудал дөрвөн цагийн турш хаагдсан нь дрон үзэгдсэнтэй холбоотой байлаа.

Хоёр хоногийн дараа Аалборг хотын нисэх буудалд бас ийм хэрэг гарсан юм.

Харьцангуй том оврын ийм дронуудыг Данийн эргийн ойролцоо байрласан тэнгисийн хөлөг дээрээс хөөргөсөн байх магадлалтай байв.

Өнгөрсөн долоо хоногт бас Германы хойд эрэг орчмын цэргийн бааз, дэд бүтцийн байгууламжуудын ойролцоо сэжигтэй дронууд ажиглагдсан байна.

 

Эх сурвалж: The Guardian