OpenAI компани өчигдөр хиймэл оюунаар аудио, видео контент бүтээдэг Sora 2 загвараа танилцуулжээ. Энэ нь өнгөрсөн онд танилцуулж байсан Sora загварын шинэ хувилбар юм байна.
Уг загвартайгаа цуг Sora нэртэй сошиал медиа аппликэйшнийг бас танилцуулжээ.
Энэхүү аппликэйшн нь хүмүүст өөрийн болон найзуудынхаа видео бичлэгийг төрөл бүрээр үүсгэж, ТикТок хэлбэрээр хоорондоо хуваалцах боломж олгодог юм байна.
Гэхдээ шинэ аппликэйшн нь “invite-only” буюу зөвхөн дотроос нь урьсан хүмүүст ашиглах эрх нээгддэг тул нийтийн хүртээл хараахан болоогүй байна.
OpenAI компани Sora 2 загварын тусламжтай бүтээсэн видео бичлэгүүдийн жишээг үзүүлжээ.
Тухайлбал үүсгэсэн дүрс бичлэгүүд нь физикийн хуулийг маш сайн дагасан тул өмнөхөөсөө илүү бодитой мэт харагдаж байгааг мэргэжилтнүүд магтаж байна.
“Өмнөх видео загварууд хэт хялбарчилсан байдаг тул текст промптыг биелүүлэхдээ биетүүдийг хувиргаж, бодит байдлыг гажуудуулдаг байсан. Жишээлбэл сагсны шийд рүү шидсэн бөмбөг алдсан ч аяндаа цагаригт ордог байсан. Харин Sora 2 загварт бөмбөг самбараас буцаж ойдог болсон” гэж OpenAI компанийн танилцуулгад бичжээ.
Sora аппликэйшн нь бас “cameo” гэж нэрлэдэг “өөрийгөө нэмэх” боломжтой болсон байна.
Өөрөөр хэлбэл Sora загвараар үүсгэсэн ямар ч дүрс бичлэгт өөрийгөө нэмэх боломжтой болжээ. Ингэхийн тулд өөрийгөө таниулах нэг удаагийн аудио болон видео бичлэгийг оруулахад л хангалттай гэнэ.
Sora аппликэйшний iOS хувилбар одоогоор АНУ, Канадын зах зээлд нээгдсэн бөгөөд удахгүй бусад улс орнуудыг нэмэх юм байна.
Хэдийгээр “invite-only” зарчимтай ч ChatGPT Pro хэрэглэгчид урилгагүйгээр ашиглах боломжтой ажээ.
Эх сурвалж: Tech Crunch
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!