ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амаржаргал: Энэ жилийн бүх нийтийн гүйлтийн марафоны уралдаанд 1,000 гаруй гүйгч бүртгүүлсэн

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдах “Бүх нийтийн гүйлт-2025” арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Бүх нийтийн гүйлтийн арга хэмжээг жил бүрийн есдүгээр сарын гурав дахь Бямба гарагт зохион байгуулдаг уламжлалтай. Уг арга хэмжээ энэ сарын 20-ны Бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Итгэл, найдвар, боломж" уриан дор 11 дэх удаагаа болно.

Энэ талаар "Ахиллис Монгол" олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Д.Амаржаргал "Энэ жилийн хувьд ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл Монгол Хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд Европын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрууд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож буй.

Мөн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ), Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ), Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ), Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам (ССАЖЗЯ) зэрэг төрийн байгууллагууд уламжлал ёсоор зохион байгуулахад дэмжиж оролцоно.

"Итгэл, найдвар, боломж" марафон нь спортоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урам зориг, итгэл найдвар өгөх зорилготой. Мөн залуучуудыг спортод уриалах, хүн бүгд хийж чадах гүйлтийн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд уриална.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 130,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй гэсэн статистикийн тооцоо бий. Энэ тоо сүүлийн жилүүдэд янз бүрийн шалтгаанаас болоод нэмэгдэх хандлагатай байна. Амьдралынхаа явцад хөгжлийн бэрхшээлтэй болсон хүн өөртөө итгэх итгэлээ алдаад нийгмээс тусгаарлагдах зэрэг олон зэрэг нөлөө бий.

Бүх нийтийн гүйлтийн арга хэмжээнд бүх түвшний гүйгчид оролцох боломжтой.

Тухайлбал

  • 5 болон 10 км-ийн бүх нийтийн гүйлт,
  • хагас, бүтэн марафон,
  • хөгжлийн бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэдийн 1,500 метрийн гүйлтэд оролцох боломжтой.

Түүнчлэн зургаан насны ангиллаар болно. 18-аас 20, 30-аас 39, 40-өөс 49, 50-аас 59, 60-аас 69, 70+ насны ангилалд зохион байгуулна. 

Бүх зай, төрөлд оролцох хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон оюутан сурагчид бүртгэлийн хураамж төлөхгүй. 

Одоогийн байдлаар марафонд уралдахаар 1,000 гаруй гүйгчид бүртгүүлжээ" гэв.