Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун охинтойгоо хамт Бээжингийн цэргийн парадыг үзэхээр иржээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр зохион байгуулагдах дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойд зориулсан цэргийн томоохон парадыг үзэхээр дэлхийн 20 гаруй орны төр засгийн тэргүүнүүд Бээжин хотод цуглараад байгаа.

Тэдний дунд нэг ховор зочин байгаа нь Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун юм.

Бээжингийн парад түүний хувьд гадаадын төрийн тэргүүнүүдтэй хамт оролцож буй анхны олон улсын арга хэмжээ болж байна.

Өчигдөр орой Ким Жон Уны хуягласан галт тэрэг Бээжин хотод хүрэлцэн иржээ.

Галт тэрэгнээс Ким Жон Ун охины хамт бууж байгааг Умард Солонгосын төв хэвлэлийн гэрэл зураг, дүрс бичлэг харуулсан байна.

зураг
 

Ким Жон Ун 2022 оны арваннэгдүгээр сараас хойш өөрийн охиныг чухал арга хэмжээнүүдэд байнга дагуулж явах болсон.

Өмнөд Солонгосын тагнуулын алба түүнийг Кимийн залгамжлагч болох хамгийн өндөр магадлалтай хүн гэж үздэг.

Гэхдээ түүний тухай мэдээлэл маш хомс байгаа. 2023 онд Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын алба охины насыг 10 орчим гэж мэдээлж байв.

Хятадын зэвсэгт хүчний чадавхыг дэлхий дахинд харуулах чухал арга хэмжээнд Ким охиноо дагуулж ирсэн нь нэгийг хэлж байгаа юм.

Умард Солонгосын удирдагч 1959 онд хамгийн сүүлд Хятадын цэргийн парадыг үзэж байжээ.

2015 онд болсон 70 жилийн ойн парадад тус улс өндөр албан тушаалтнуудынхаа нэгийг илгээж байсан юм.

Энэ удаагийн арга хэмжээнд Өрнөдийн орнуудын удирдагчид оролцохоос зайлсхийж байгаа бол Европын Холбооны гишүүн орнуудаас ганцхан Словак улсын ерөнхий сайд Роберт Фико оролцож байна.

Мөн Болгар, Унгар улсууд засгийн газрын төлөөлөгчөө илгээжээ.

 

Эх сурвалж: BBC