Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Watch бүтээгдэхүүнийх нь технологийг хулгайлсан экс инженер болон Хятадын Oppo компанийг Apple шүүхэд өгчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Watch ухаалаг бугуйн цагных нь технологийг хулгайлсан үндэслэлээр өөрийн экс ажилтан болон Хятадын гар утас үйлдвэрлэгч Oppo компанийг Apple компани шүүхэд өгчээ.

Пүрэв гарагт Калифорни мужийн Сан Жосе хот дахь Холбооны Шүүхэд гаргасан гомдолд тус компанид ажиллаж байсан мэдрэгчийн системийн архитектор Ши Чэнь холбогдох технологийн нууц материалуудыг хулгайлсныхаа дараа Oppo компанийн Цахиурын хөндий дэх судалгааны салбар InnoPeak Techology компанид орсныг дурдсан байна.

Ши нь 2020 оноос энэ оны зургаадугаар сар хүртэл Apple компанид ажиллаж байжээ.

Тэрбээр ажлаас гарахынхаа өмнөх өдөр нууц мэдээллийн сангаас 63 хэсэг бичиг баримтыг татаж аваад USB төхөөрөмжид хуулж авсныг Apple дотоод шалгалтаараа тогтоосон юм байна.

Хулгайлагдсан материал нь Apple Watch бүтээгдэхүүний хөгжүүлэлт, судалгаатай холбоотой чухал нууц мэдээллүүдийг агуулж байжээ.

Ши Чэнь энэ үйлдлийнхээ талаар Oppo компанийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч Зэн Зижинд чатаар мэдээлэхэд “alright”, “ok” гэх зэргээр хариулж байсныг харуулсан баримтыг шүүхийн гомдолд хавсаргасан байна.

Мөн Ши нь хаана ажилд орж байгаагаа хамтран ажиллагсдаасаа нууж, тэдэнд Хятад руу буцаж, өндөр настай эцэг эхээ асрах хэрэгтэй болсон тухай ярьж байжээ.

Хятадын өмнөд бүсийн Гуандун мужийн Донгуань хотод төвлөрдөг Oppo компани Бямба гарагт гаргасан мэдэгдэлдээ Apple компанийн технологийг хулгайлснаа үгүйсгэсэн байна. Мөн шүүхтэй идэвхтэй хамтран ажиллаж, бодит үнэнийг тодруулахын төлөө ажиллахаа амлажээ.

Ши Чэнь нь Apple компанид ажилд орохоосоо өмнө электроник инженерийн бакалаврын зэргийг Вашингтоны Их сургуулиас авсны дараа Колумбын Их сургуульд докторын зэрэг хамгаалсныг түүний LinkedIn танилцуулга харуулж байна.

Oppo бол Хятадын томоохон гар утас үйлдвэрлэгчдийн нэг юм.

Энэ оны хоёрдугаар улиралд тус компани 10.7 сая ухаалаг гар утас нийлүүлсэн үзүүлэлтээрээ Хятадын зах зээлийн 15.5 хувийг эзэлж, Huawei, Vivo компаниудыг ардаа орхижээ.

Харин дэлхийн зах зээлд тус компани Xiaomi, Vivo, Transsion зэрэг Хятадын үйлдвэрлэгчдийн ард яваа юм.

Oppo нь ухаалаг гар утасны зах зээлд харьцангуй орой буюу 2020 онд хөл тавьж байжээ.

2024 онд Хятадын зах зээлд 43.17 сая ширхэг өмсөж, зүүдэг төрлийн ухаалаг төхөөрөмж нийлүүлэгдсэн нь 2023 оныхоос 19 хувиар өссөн үзүүлэлт болохыг IDC судалгааны компанийн тоо баримт харуулж байна.

Энэ төрлийн зах зээлийн хамгийн том тоглогчид нь Huawei, Xiaomi, BBK Electronics, Apple, Honor юм.

 

Эх сурвалж: Associated Press