Найруулагч Квэнтин Тарантиногийн “Kill Bill”, “Reservoir Dogs” кинонуудад бүтээсэн дүрээрээ олонд танигдсан жүжигчин Майкл Мэдсен нас барсныг албаны эх сурвалж мэдээлжээ.
Тэрбээр энэ жил 67 нас хүрээд байсан юм.
Амьсгал хураасан жүжигчнийг Пүрэв гарагийн өглөө Калифорни мужийн Малибу хот дахь гэрээс нь олсноо Лос-Анжелесын шерифийн албаны ахлагч Кристофер Жауреги мэдээлжээ.
Одоогоор Мэдсенийг хөндлөнгийн ямар нэг нөлөөгүй нас барсан гэж үзэж байгаа юм байна.
Түүний менежэр Рон Смит зүрхний шигдээс болсон байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэлжээ.
Мэдсений урлагийн замнал 1980-аад оноос эхэлж, голдуу бага төсөвтэй 300 гаруй кинонд дүр бүтээсэн байдаг.
1990-ээд оноос хойш тэр найруулагч Квэнтин Тарантиногийн “Reservoir Dogs”, “Kill Bill”, “The Hateful Eight” зэрэг кинонуудад дүр бүтээснээрээ алдаршиж байжээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэр “Resurrection Road”, “Concesion and Cookbook for Southern Housewives” зэрэг индэпендент төрлийн кинонууд дээр ажиллаж байсныг менежэрүүд нь мэдээлсэн байна.
Мэдсенийг “Холливүүдийн хамгийн алдартай, олон хүмүүст үгүйлэгдэх жүжигчдийн нэг байсан” хэмээн тэд мэдэгдэлдээ дурсжээ.
2020 оны арваннэгдүгээр сард TLC Chinese Theatre театрт болсон гарын хээ буулгах ёслолын үеэр Мэдсен 1980-аад оны эхээр анх Холливүүдэд ирж байсан үеэ дурсаж байв.
“Би эргэн тойрноо хараад хэзээ нэгэн цагт тэдний нэг болж чадах болов уу гэж бодож байсан. Гэхдээ ингэхийн тулд яг юу хийхээ мэдэхгүй байлаа. Би тоосгочин болж болох байсан. Архитектор ч болж болох байсан. Бүр хог түүдэг хүн ч болж болох байлаа. Хэн ч биш болж болох байсан. Гэхдээ би жүжигчин болсноо их аз гэж боддог” гэж тэр ярьж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!