Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос энэ долоо хоногийн сүүлээр хуримаа Италийн үзэсгэлэнт хотуудын нэг Венецид хийх гэж байгаа.
Тэрбээр телевизийн хөтлөгч Лорен Санчестай хуримлахдаа Венецийн төв хэсгийг гурван өдөр түрээслэх гэж байсан нь тус хотын зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байв.
Тэгвэл Безос хуримын ёслолыг зохион байгуулах газраа Венецийн төвөөс шилжүүлсэн тухай мэдээлэл өчигдөр таржээ.
Тухайлбал Бямба гарагт төлөвлөгдсөн сүр жавхлант ёслолыг хотын төвийн Скуола Гранде делла Мисерикордиагаас хотын төвөөс зайтай оршдог Арсеналд шилжүүлснийг Венецийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Энэ мэдээлэл Безосын хуримыг эсэргүүцэж буй тэмцэгчдийг баярлуулсан байна.
“No Space for Bezos” (Безост орон зай байхгүй) хөдөлгөөний идэвхтэн Томмасо Каччари “Бид ялалтаараа бахархаж байна. Бид бол мөнгөгүй, бид бол хэн ч биш. Бид зүгээр л зохион байгуулалтад орсон жирийн хүмүүс бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгийг хотоосоо гаргаж чадлаа” гэж ярьжээ.
Хуримд АНУ-ын ерөнхийлөгч Трампын охин Иванка, хүргэн Жаред Кушнер, Америкийн урлаг соёлын алдартнууд болох Ким Кардашян, Мик Жаггер, Леонардо ди Каприо зэрэг 200 орчим зочин оролцох юм.
Хуримын үеэр хувийн нисэх онгоцнууд Венецийн нисэх буудлын ажиллагааг саатуулж, хувийн хөлөг онгоцнууд боомтыг дүүргэж, таван том зочид буудлыг бүхэлд нь захиалж, АНУ-ын тэнгисийн явган цэргүүд аюулгүй байдлыг хангахаар болсон гэх мэдээлэл бий.
Безосын хуримын эсрэг тэмцэлд зөвхөн Венецийн оршин суугчид биш, бас ерөнхийлөгч Трампын засаг захиргааны бодлогыг болон баялгийн тэгш бус хуваарилалтыг эсэргүүцэгчид оролцож байгаа.
Даваа гарагт тэрбумтан Илон Маскийг эсэргүүцэгч Их Британийн “Everyone Hates Elon” хөдөлгөөнийхөн Венецийн төв талбайд “Чи Венецийг хуримдаа түрээсэлж чадаж байгаа бол илүү их татвар төлж чадна” гэсэн бичигтэй аварга том зурагт хуудас байрлуулсан юм.
Харин Венец хотын захиргаа Безосын хурим эдийн засагт нь асар их хувь нэмэр оруулж буйг сайшааж байгаа.
Хотын эдийн засгийн хөгжил хариуцсан зөвлөлийн гишүүн Симон Вентурини “Эдгээр жагсагчид Венецийг эзэмшдэг юм шиг аашилж байна. Гэхдээ тийм биш. Энд хэн хуримлахыг тэд шийдэхгүй” гэж хэлжээ.
Тэрбээр эсэргүүцэгчдийг хотыг бүхэлд нь төлөөлөхгүй, “жижиг цөөнх” гэж нэрлэсэн байна.
“Ердөө 200 гаруй зочинтой энэ арга хэмжээ хотын эдийн засагт томоохон үр өгөөжтэй” гэж Вентурини хэлжээ.
Гэхдээ өмнөд Европын хотуудад хэт их аялал жуулчлалын асуудал тулгарах болсон нь орон нутгийн иргэдийн санааг зовоож байгаа.
Безосын хурим Венецийг улам алдаршуулж, жуулчдын ачааллыг нэмэгдүүлэх уршигтай юм. Уур амьсгалын өөрчлөлт усан дээр оршдог энэ хотын эко системийг хэдийнээ эрсдэлд оруулаад байгаа.
Венец хот хүмүүсийн урсгалыг хязгаарлахын тулд жуулчдаас өдөрт таван еврогийн татвар авах журам хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй.
Безосын хуримын зочдын түрүүч нь Пүрэв гарагт ирэх юм. Энэ үеэр тэмцэгчид хотын усан сувгуудад хийлдэг матартай хөвж, эсэргүүцлээ илэрхийлэхээр төлөвлөжээ.
“Безос манай хотод зөвхөн найрлахаар ирж байгаа нь асуудал юм. Энэ хандлага нь Венецийг хот биш, хэн ч түрээслээд юу ч хийж болдог зугаа цэнгэлийн парк мэт харагдуулж байна. Тэр манай хотыг найр наадмын талбай гэх ойлголтыг бусад тэрбумтнуудад тарааж байгаа юм” гэж Каччари хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!