Уншиж байна ...
Зураг
Зураг

АНУ-ын нэг хот хагас сая оршин суугчийнхаа хувийн мэдээллийг хакеруудад барьцаалуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Охайо мужийн төв, тус мужийн хамгийн том хот Колумбус өнгөрсөн долдугаар сард гарсан кибер халдлагын үеэр хагас сая оршин суугчийнхаа дэлгэрэнгүй мэдээллийг хакеруудад алдсанаа мэдээлжээ.

Гадаадын кибер халдлага үйлдэгч бүлэг тус хотын 500,000 орчим оршин суугчийн нэр, төрсөн огноо, хаяг, бичиг баримт, нийгмийн даатгалын дугаар, банкны данс зэрэг мэдээллийг хулгайлж, барьцаалсныг тус хотын захиргаа шүүхэд гаргасан өргөдөлдөө дурдсан байна.

Колумбус хот нь нийт 900,000 оршин суугчтай юм.

Эхлээд Колумбус хотын захиргаа долдугаар сарын 18-нд гарсан халдлагыг компьютерын системээ сүлжээнээс салгах замаар таслан зогсоосон гэж мэдээлж байжээ.

Өнгөрсөн онд Британийн Номын санд халдаж байсан Rhysida хакерын бүлэг Колумбус хотын мэдээллийн санд халдсанаа наймдугаар сард зарласан юм.

Ингэхдээ Колумбус хотын оршин суугчдын 6.5 терабайт хэмжээтэй мэдээллийг хулгайлснаа мэдэгдэж байжээ.

Тухайн үед Rhysida бүлэглэл хотын захиргаанаас 30 биткоин нэхэмжилж байсан байна. Энэ нь тухайн үеийн ханшаар $1.9 саятай тэнцэх барьцааны төлбөр байжээ.

Үүнээс хоёр долоо хоногийн дараа Колумбус хотын дарга Эндрью Гинтер алдагдсан мэдээллийг "ашиглах боломжгүй", "эвдэрсэн мэдээлэл" хэмээн тайлбарласан байна.

Гэвч удалгүй дарк вэб сүлжээнд Колумбусын оршин суугчдын мэдээлэл ил гарч эхэлснээр хотын даргын мэдэгдэл худал болох нь батлагдсан юм.

Бодит байдлыг удаан үгүйсгэсэн хотын удирдлага одоо л оршин суугчдынхаа үнэтэй мэдээллийг алдсанаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна.

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Rhysida бүлэг Колумбусын иргэдийн 3.1 терабайт хэмжээтэй мэдээллийг зарах зорилгоор онлайн сүлжээнд байрлуулсан байжээ.

 

Эх сурвалж: Tech Crunch