Уншиж байна ...

Оросын ҮОХ-ны тэргүүн Станислав Позняков огцорчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Оросын Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны тэргүүн Станислав Позняков үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа зарлалаа.

Туялзуур сэлэмний олимпын таван удаагийн аварга С.Позняков 2018 оноос хойш улсынхаа олимпын хороог удирдаж байсан юм. Өмнө нь Европын Туялзуур Сэлэмний Холбоог удирдаж байсан орос эр ажлаа өгсөн талаараа "Цаг нь болсон" гэж товч хариулжээ.

Оросын Украин руу хийсэн "цэргийн тусгай ажиллагаа" эхэлсэн цагаас хойш Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос Орост хориг тавьсан. Армид хамааралтай тамирчдыг Парисын олимпод оролцуулахаас татгалзаж, шаардлага хангасан тамирчдыг "Төвийг сахигч баг" нэрээр оролцох зөвшөөрөл өгсөн билээ.

С.Позняков өнгөрсөн дөрөвдүгээр сард олимпын эрх авсан тамирчид оролцох эсэх нь тамирчдын хувийн асуудал гэж мэдэгдсэн ч ихэнх нь оролцохоос татгалзсан.

Оролцоогүй тамирчдын тоонд С.Позняковын төрсөн охин Токиогийн олимпын хошой алттай София Познякова багтсан юм.

Улмаар Парисын олимпод 15 тамирчин оролцохоор болж, талбайн теннисийн эмэгтэйчүүдийн хос төрөлд нэг мөнгөн медаль хүртсэн.

Оросын ҮОХ-ны чуулган ирэх арваннэгдүгээр сарын 7-нд болж, дараагийн тэргүүнээ сонгоно гэж С.Позняков мэдэгджээ.

 

Эх сурвалж: Inside The Games