Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхмаа: Завьт эргүүлийнхэн анхааруулга өгөөд явсны дараа усны ослын дуудлага ирсэн тохиолдол бий. Иргэд анхааруулгыг үл тоомсорлож байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас усны ослын талаар хийсэн судалгаагаа өнөөдөр танилцууллаа. Сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулан уг судалгааг хийжээ.

Энэ талаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Энхмаа "Сүүлийн 10 жилд улсын хэмжээнд зөвхөн усны ослоор амь насаа алдсан хүний тоо 1,044-д хүрсэн. Тэдний ихэнх нь 17-21 насны залуучууд байна.

Усанд осолдож нас барсан иргэдийн 67 хувь нь эрэгтэйчүүд эзэлж байна. Гол мөрнөөр нь ангилбал нийт нас барсан иргэдийн 26 хувь нь Туул голд осолджээ. Мөн Орхон, Хараа голд иргэд их осолдож буйг судалгаа харуулсан.

Дээрх гол мөрнүүдэд анхааруулга бүхий самбар байршуулдаг. Зүгээр тохиолдлоор ийм самбарыг тэнд байрлуулдаггүй. Энд осолдох эрсдэлтэй гэдгийг анхааруулж буй хэрэг юм.

Мөн манай байгууллагаас хүн их цуглардаг гол мөрөнд завьт эргүүлгийг хийж байна. Завьт эргүүлэг хийж буй манай алба хаагчид гол усны аюулаас сэрэмжлүүлэх талаар ухуулах хуудас тарааж, бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол устай ойрхон архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байх талаар иргэдэд шаардлага тавьдаг.

Иргэдийн дийлэнх нь шаардлага тавихад хүлээж авдаг ч явсных нь дараа усанд орох, амь насаа эрсдэлд оруулах нь бий. 

Жишээлбэл энэ сарын 15-ны өдөр завьт эргүүл хийж байсан манай алба хаагчид голын эрэг дээр амарч байсан хэсэг бүлэг хүмүүст шаардлага тавьсан. Та бүхэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байгаа тул гол ус руу битгий орооч ээ гэж анхааруулсан.

Шаардлага тавьсныхаа дараа бусад цэгүүд рүү эргүүл хийхээр явсных нь дараа удалгүй усанд осолдсон дуудлага ирсэн. Энэ дуудлагын дагуу очиход өмнө нь шаардлага тавьсан иргэд байсан. Энэ ослоос болж нэг иргэн усанд живж амь насаа алдсан.

Бүх юм өнгөрснийх нь дараа үлдсэн хүмүүс нь юу гэдэг вэ гэвэл бидний тавьсан шаардлага, өгсөн анхааруулгыг цаг тухайд нь анхаардаг байжээ гэдэг.

Тийм учраас ОБЕГ-ын ажилчдын тавьж буй шаардлага, өгч буй зөвлөгөөг иргэд хүлээж авч, хэрэгжүүлдэг байх шаардлагатай байна" гэв.

Энэ онд найман дүүрэг, 16 аймаг, 46 суманд усанд осолдсон 82 дуудлага бүртгэгджээ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэдийн аялал, зугаалгын цаг дуусах болоогүй байна. Харамсалтай нь одоогийн байдлаар усны ослоор 68 иргэн амь насаа алджээ. Үүний 55 нь насанд хүрсэн бол 13 нь хүүхэд. Өнгөрсөн онд нийт 66 иргэн амь насаа алдсан баримт бий. Тиймээс энэ тоог цаашид өсгөхгүй байхад иргэн бүр сонор сэрэмжтэй байх шаардлагатайг ахлах дэслэгч Б.Энхмаа анхаарууллаа.

Тэрбээр энэ талаар "ОБЕГ зөвхөн усны осол, үертэй тэмцдэггүй. Гал түймэр гэх мэт анги салбарууд дээр ээлжээр ажилладаг. Ээлжээс буунгуутаа гол усны дагуу эргүүлээр ажиллаж байна. Нэг ч гэсэн иргэн, хүүхэд амьд битгий алдаасай гэдэг байдлаар анхааруулга, сэрэмжлүүлгийг өгөх үүднээс зөвлөгөө өгдөг.

Усны ослын судалгаанаас харахад осолдсон иргэдийн 14 хувь нь усанд сэлж чаддаг хүмүүс байсан. Түүнчлэн тухайн бүс нутгийн усны онцлог, байршлыг мэдэхгүй учраас буюу голдуу аялж зугаалж яваа иргэд амь насаа алдаж байна.

Сүүлийн үед гол мөрөнд хийлдэг гудас, завь, тоглоом ашиглах нь элбэг боллоо. Зориулалтын бус иймэрхүү тоглоомыг иргэд ашиглахгүй байхыг анхааруулж буй. 

Хүүхдээ эрхлүүлж болно. Гэхдээ голын усанд амь насаар нь дэнчин тавих ёсгүй. Иймэрхүү хийлдэг гудас, тоглоом нь урсгал усанд зориулагдсан эд зүйл биш. Жижиг усан санд л ийм тоглоомыг ашигладаг. Хийлдэг иймэрхүү эд зүйлс голын чулуунд зурагдах төдийд л хагардаг.

Төгсгөлд нь нэг гэр бүлийнхэн усанд осолдсон тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал нэг иргэн усанд осолдоход түүнийг аврах гэж араас нь ороод давхар өөрийнхөө амь насыг эрстүүлдэг тохиолдол буурахгүй байна. Сүүлийн 10 жилийн усны ослоор амь насаа алдсан 1,044 иргэний 71.1 хувь нь насанд хүрсэн хүн, 28.9 хувь нь хүүхэд. " гэж ярьсан юм.