Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Буудлагын тамирчны эрх ашиг хөндөгдөж байгаа тул Парисын олимпын зохион байгуулах хороонд албан тоот явуулсан. Хариу нь хэзээ ирэхийг хэлж мэдэхгүй"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлөөс "Парис 2024" олимпод оролцох буудлагын баг тамирчдад үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тус зөвлөл өнөөдөр хуралдаж олимпын наадмын баг тамирчдын зохион байгуулалтын тухай хэлэлцсэн юм.

Буудлагын холбоонд үүссэн асуудлын талаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар Э.Бадар-Ууган "Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд Монголын Буудлагын Холбоо (МБХ) болон манайд албан бичиг ирсэн. Тодруулбал зургаадугаар сарын 21-ний дотор буудлагын төрөлд оролцох тамирчдын нэрс болон дасгалуудыг ирүүлэх бичиг гэсэн үг.

Энэ дагуу МБХ-ноос эрх авсан гурван тамирчныхаа нэр болон оролцох дасгалыг баталгаажуулсан. 

Оролцох тамирчдын нэрсийг энэ сарын 8-нд эцсийн байдлаар зарласан. Өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 8-ныг хүртэлх хугацаанд тамирчдаа нэмж эрх авах талаар холбооны зүгээс санал хүсэлт ирээгүй. Харин хугацаа нь дууссаны дараа л нэмж эрх авах боломжтой юм байна, хөөцөлдөж өгөөч гэсэн хүсэлт ирсэн.

Бид ч гэсэн тэр хүсэлтийнх нь дагуу албан бичиг явуулсан ч хүлээж авах боломжгүй гэдэг хариу ирсэн. Яг оролцох төрлүүдийн мэдүүлгийг тухайн спортын холбоод бөглөж ирүүлдэг. Түүнийг нь үндэслээд МҮОХ баталгаажуулаад цааш нь явуулдаг. Түүнээс бид өөрсдийн дураар эрх нэмж, хасах боломжгүй" гэв.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл шуурхай хуралдаад тодорхой эрх бүхий хүмүүсээс тайлбар авсан. Үүний дараа тамирчны эрх ашиг хөндөгдөж байгаа тул ОУОХ-нд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд гарын үсэг зурсан албан тоотыг явуулахаар болжээ. Энэ бичгийн нэг хувь нь Парисын олимпыг зохион байгуулах хороо болон Олон Улсын Буудлагын Холбоо (ОУБХ), МБХ-д очно. Энэ бичгийн хариу яаж ирэх нь тухайн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан гэдгийг Д.Жаргалсайхан онцоллоо.