Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын пуужингийн цохилтод Украины 36 иргэн алагдаж, Киевийн хүүхдийн эмнэлэг өртөв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Оросын арми Украины хэд хэдэн хот, суурин газарт пуужингаар довтолсны улмаас 36 хүний амь үрэгдэж, 140 орчим хүн шархаджээ.

Нийслэл Киев хотын хүүхдийн эмнэлэг Охматдит уг цохилтод өртсөний улмаас хоёр хүний амь үрэгдсэн байна. Барилгын нуранги дээр эрэн хайх ажиллагаа явагдаж буй тул хохирлын тоо нэмэгдэж болзошгүй байна.

“Энэ бол хамгийн аймшигтай халдлагуудын нэг. Харж байна уу?Энэ бол хүүхдийн эмнэлэг” гэж нурсан барилгын дэргэдээс Киев хотын захирагч Виталий Кличко мэдэгджээ.

Өчигдөр Оросын талаас Украины хотууд руу нийтдээ 38 пуужин өдрийн цагаар харвасан нь ховор тохиолдол байлаа.

Эдгээрийн 30 пуужинг Украины агаарын довтолгооноос хамгаалах систем устгасан байна.

зураг
 

Вашингтонд болох НАТО-гийн дээд хэмжээний чуулганд оролцохоор явах замдаа Польш улсад саатаад байсан Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг халдлагын асуудлаар шуурхай хуралдаан зарлахыг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд уриалжээ.

НҮБ болон Өрнөдийн орнууд Оросын пуужингийн халдлагыг буруушаасан мэдэгдлийг ээлж дараалан гаргасан байна.

Харин Оросын эрх баригчид Киевийн хүүхдийн эмнэлэгт тохиолдсон зүйлд Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг буруутгажээ.

Тухайлбал пуужингууд нь анхнаасаа өөр байнууд руу чиглэж байсан, агаарт устгагдахдаа иргэний байгууламжуудын дээрээс унасан гэж тайлбарласан байна.

зураг
 

Киев хотод агаарын түгшүүр зарласны дараа өвчтөнүүд, эцэг эхчүүдийг ажилтнууд эмнэлгийн суурийн давхарт яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

“Яагаад ч юм бид Охматдит эмнэлгийг аюулгүй гэж боддог байсан. Уг эмнэлэгт халдахгүй гэдэгт бид 100 хувь итгэлтэй байлаа” гэж 68 настай эмнэлгийн ажилтан Нина ярьсан байна.

Охматдит эмнэлгээс гадна орон сууцны хэд хэдэн барилга, оффисын барилга пуужингийн цохилтын үеэр гэмтсэн тухай Киев хотын захиргаа мэдээлжээ.

зураг
 

Оросын агаарын цохилтод байнга өртдөг ерөнхийлөгч Зеленскийн төрөлх хот Кривой Рогт өчигдөр бас 10 хүн алагдаж, 41 хүн шархадсан байна.

“Пуужингуудаа хаашаа нисэж байгааг мэддэггүй Орос улс бүх гэмт хэргийнхээ хариуцлагыг хүлээх ёстой” гэж Зеленский сошиал хуудсандаа бичээд агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг нэмж илгээхийг холбоотнууддаа уриалжээ.

 

Эх сурвалж: AFP