АНУАР ОВОГТОЙ НОТА
(1945-2024)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын эмч, Хүний гавьяат эмч, АШУ-ны академийн гишүүн, академич, АШУ-ны доктор, профессор, Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Ануар овогтой Нота нь 2024 оны 06 сарын 30-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
А.Нота нь 1945 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг “Цагаан дэрсэй” гэдэг газарт төрж, 1968 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр, 1970 онд мэс заслын эмч, 1975 онд мэдрэлийн мэс заслын эмч, 1982, 1996, 1998 онуудад ОХУ, Казахстан, Япон улсуудад тус тус мэдрэлийн мэс заслын эмчийн мэргэжил дээшлүүлсэн.
А.Нота нь 1968 оноос хөдөлмөрийн гараагаа Баян-Өлгий аймгийн Улаанхус сум дундын эмнэлэгт мэс заслын эмч, 1969-1975 онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасгийн эрхлэгч, 1975-1990 онд Улсын нэгдсэн III эмнэлэгт мэс заслын эмч, 1990-1993 онд АУ-ны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1993-2007 онд Улсын нэгдсэн III эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт тасгийн эрхлэгч, 2007-2024 Ачтан клиникийн эмнэлэгт “Мэдрэлийн мэс засал”-ын тасаг нээж, зохион байгуулан, биечлэн ажиллаж, тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр тасралтгүй 54 жил хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд манлайлан Монгол Улсын мэдрэлийн мэс заслын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ховор авьяас чадвартай эмч байв.
Түүний ололт амжилтуудаас дурдвал:
А.Нота нь мэдрэлийн мэс заслын мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, мэдрэлийн мэс заслын дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх үйлсэд оруулсан их хувь нэмрийг нь төр, засгаас өндрөөр үнэлж “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар”, “Төрийн соёрхол”, “Монгол Улсын Ардын эмч”, “Монгол Улсын Хүний гавьяат эмч” цол хүртээжээ.
Монголын ард түмний дунд алдаршсан эмч, багш, эрдэмтэн Таны авьяас билиг, эрдэм мэдлэг, хүнлэг, ажилч хичээнгүй, эгэл даруу зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
АЧТАН ЭМНЭЛГИЙН ЗАХИРГАА
АЧТАН ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛОН
2024.07.01
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!