Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын ҮАБЗ-ийн ажлын алба, Беларусийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нарын газар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны зургаадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ"-нд гарын үсэг зурав.

Тус гэрээ нь уламжлалт найрсаг харилцааны үндсийг тодорхойлох чухал баримт бичиг бөгөөд хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл болон бусад салбар дахь харилцаа өргөжин хөгжих юм. Талууд мөн доорх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Үүнд:

  • МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛС ХООРОНД 2024-2026 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗАМЫН ЗУРАГЛАЛ

Харилцаа, хамтын ажиллагааг тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга, уул уурхай, спорт, аялал жуулчлал, соёл, мэдээлэл зэрэг салбарт хөгжүүлнэ.

  • БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ, ЭРДМИЙН ЗЭРГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Талууд бакалавр, магистр, доктор болон бусад төрлийн боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрч, энэ салбар дахь харилцааг хөгжүүлэн, боловсролын чанарыг ахиулах талаар хамтран ажиллана.

  • ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, СОЛИЛЦОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Беларусь Улсад байнга оршин суугаа монгол иргэд, Монгол Улсад байнга оршин суугаа беларусийн иргэд жолоодох эрхийн үнэмлэхээ тухайн суугаа улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломжтой болно. 

  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдал, түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж, салбар хоорондын мэдээлэл, туршлага солилцож, мэргэжилтэн бэлтгэнэ.   

  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ,
  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мэдээлэл, туршлага солилцох, арга хэмжээ зохион байгуулах, мэргэжилтэн сургах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Оюуны өмч эзэмшигч, зохиогчид бүтээлээ гадаад зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулахад хоёр улсын мэргэжлийн байгууллага ажлаа уялдуулна.

  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ҮАБЗ-ИЙН АЖЛЫН АЛБА, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ,
  • ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох эрх зүйн үндэс бүрдлээ.  Эрчим хүч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, анагаах ухаан, эм зүй, хими болон нано зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтран ажиллах боломж нээгдэж байна.

  • ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ГЭРЭЭ

Хамтарсан судалгаа, инновацын төсөл хэрэгжүүлэх замаар шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг дэмжих, судлаач, мэргэжилтэн бэлтгэх  хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний бага хурал, семинар, уулзалт зохион байгуулна. 

  • БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ЗАМЫН ЗУРАГЛАЛ

Замын зураглал нь эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, ахисан түвшний сургалт зохион байгуулах зэргээр хоёр улсын их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүмүүнлэг, соёл, урлагийн харилцаа, залуу үе хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх ач холбогдолтой.

  • ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ЗАМЫН ЗУРАГЛАЛ

Хөдөө аж ахуйн салбарт өмнө байгуулсан баримт бичгийн хэрэгжилтийг хангаж,  мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалангийн чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх ажлын талаар тусгажээ.

  • БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН БАЙГАЛИЙН БАЯЛАГ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах чиглэлээр салбар хариуцсан яам хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны үндсийг тодорхойлох баримт бичиг юм. Түүнчлэн байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр туршлага солилцох, харилцан төлөөлөгч илгээх, эрдэм шинжилгээний семинар, хурал зэрэг арга хэмжээ хамтран зохион байгуулна.

  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Аялал жуулчлалын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага, мэдээлэл солилцох, аялал жуулчлалын маркетинг болон сурталчилгаа хийх,  хувийн хэвшлийн байгууллага хоорондын харилцааг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлнэ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар