Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын шашны Рамадан сар гэж юу вэ?

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Исламын шашны ариун үйл болох Рамадан сар өчигдрөөс эхэлж 30 хоногийн турш үргэлжлэх юм. Үүнтэй холбогдуулан Рамадан сарын тухай танин мэдэхүйн сонирхолтой мэдээллийг хүргэе. 

Рамадан сар гэж юу вэ?

Ислам шашны үндсэн таван зарчмын нэг нь Рамадан буюу нэг сар мацаг барих явдал юм. Рамадан нь муслимуудын хувьд билигтэй ариун сар билээ. Учир нь Ислам шашны Коран судар энэ сард Аллах бурхнаас Мухаммед элчид илгээгдсэн гэдэг байна. 

Рамадан нь нүглийг ариусган алга болгох гэсэн утгатай үг. Энэ сар нь бие сэтгэл, оюун санааг муу муухай зан харьцаанаас ариусгах зорилготой юм.

Мацаг барих нь хүнд сайхан чанар, өгөөмөр нинжин сэтгэл, тусч зан чанарыг төлөвшүүлж, Аллахын хувь хишигт талархах, хүнд сэтгэлийн ханамж бий болгоно. Мөн эрүүл мэндэд тустай, хүнд тэвчээр хатуужлыг сургана хэмээн муслимууд үздэг аж. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Рамадан эхлэх өдрийг хэрхэн тогтоодог вэ?

Муслимууд "Хижри буюу Исламын цаглавар" гэж нэрлэгддэг сарны тооллыг мөрддөг. Рамадан нь уг хуанлийн билгийн тооллын есдүгээр сар юм.

Билгийн тооллын сарыг шинэ Сар харагдсан шөнөөс эхлэн тооцдог. Рамадан сар ямар өдөр эхлэхийг урьдчилан тооцоолж чадах ч шинэ Сар харагдахаас нааш албан ёсоор эхэлсэнд тооцдоггүй.

Рамадан сар эхлэх өдөр жил бүр өөрчлөгддөг байна. Учир нь Исламын цаг тооны бичиг нь нарны тооллын цаглавраас 11-12 хоногоор богино байдаг. Тиймээс тус сар жил бүр 10-12 хоногоор урагшилдаг аж.

Рамадан сар нь 29 эсвэл 30 хоног үргэлжилдэг бөгөөд дараагийн шинэ Сар гарахыг харснаар мацгийг албан ёсоор зогсоодог байна.

Аллахын элч Мухаммед "Та нар шинэ сарыг хараад мацаг барьж эхэл, дараагийн шинэ сарыг хараад мацаг барилтаа завсарлагтун. Харин тэнгэр бүрхэг байвал гуч хоногийн тоог гүйцээ” гэж айлдсан аж

Рамадан сард муслимууд ямар мацаг барьдаг вэ?

Ислам шашны зарчимд мацаг гэдэг нь үүр цайхаас эхлээд орой нар жаргах хугацаанд идэж уухгүй, бэлгийн харьцаанд орохгүй байх юм. 

Аллах бурхны элч Мухаммед нь Рамадан сарын талаар "Хэн нэгэн хүн итгэн биширч хариу шан харамжийг нь Аллах эзнээсээ хүсэж мацаг баривал үйлдсэн бүх гэм нүгэл нь өршөөгдөх болно" хэмээн өгүүлсэн байна.

Энэ ариун сар нь зөвхөн ууж идэхээс татгалзах л бус бүх эрхтнээ муу муухай зүйлээс ангид байлгах тухай явдал юм. Мацаг барьсан муслим хүн нар жаргасны дараа Аллах эзэндээ талархан идэж ууж эхэлнэ. Рамадан сарын хугацаанд Ислам шашинд зөвшөөрөгдсөн халал хоолыг муслимууд идэж уудаг байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Рамадан сард муслимууд юуг цээрлэдэг вэ?

Муслим хүн мацаг барих үедээ албаар юм идэж уух, бэлгийн харьцаанд орох, тамхи татах, хамартаа эм дусаах, ус залгихыг маш хатуу цээрлэдэг байна.

Мөн мацгаа албаар тайлсан тохиолдолд нэг өдрийн шийтгэл болгож дахин хоёр сарын туршид тасралтгүй мацаг бариулах ажээ. 

Рамадан сард Аллахын үг болох Коран судрыг их унших, ядуу болон бусад иргэдэд тусламжийн гараа сунгаж өглөг өгөх, хэл болон гараараа хэн нэгэнд гай учруулахгүй байх зэрэг сайн сайхан зүйл ихээр хийх хэрэгтэй.

Исламын шашны дагах таван суурь дадал заншил байдаг. Жинхэнэ муслим эдгээрийг хатуу сахих ёстой.

  • Ганц бурхан байдаг ба Мухаммед бол түүний элч гэдгийг зөвшөөрөх
  • Өдөрт таван удаа мөргөл хийх
  • Илүүдэл баялгийнхаа 2.5 хувийг жилд нэг удаа ядууст тараах
  • Хэрвээ бие махбод болон санхүүгийн хувьд боломжтой бол ядаж нэг удаа Меккад очиж мөргөх
  • Рамадан сард өдрийн гэрэлтэй цагаар мацаг барих

 

Эх сурвалж: Хайырым Монголын Мусульманы нийгэмлэг