Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлын талаар УИХ дахь Ардчилсан Намын бүлэг гурван хоногийн завсарлага авсан.
Завсарлагын хугацаа өнөөдөр дуусаж байгаа бөгөөд энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар АН-ын бүлэг санал байр сууриа нэгтгэсэн. Гадаадын хөрөнгө оруулалт өр нэмэгдэхгүйгээр экспортын бүтээгдэхүүн гаргах давуу талтай.
Хуулийн төсөлд хариуцлагагүй олон зүйл заалт орж ирсэн. Монголын төр эдийн засагт оролцоо бага байх ёстой гэж боддог. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтын асуудалд хэмжээ хязгааргүй болж байгааг ярилцах ёстой.
Энэ асуудал явсаар байгаад хоёр хүний хэрүүл болж байна. Хувь хүмүүс хоорондын хэрүүлийн асуудал бус УИХ-ын танхимд зөвшилцлийн дагуу шийдэгдэх ёстой юм.
Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг яаралтай горимоор татан авч, дахин өргөн барьж батлах шаардлагатай хэмээн манай бүлгээс байр сууриа нэгтгэсэн" гэв.
Мөн энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудлаар хоёр хүн хэрүүл хийж болохгүй. Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар нийгмийг талцуулахаа болих хэрэгтэй.
Хэдэн троллоороо гишүүдийг шантаажилж байгаад хууль батална эсвэл зогсооно гэж байхгүй. Нэг тал нь Үндсэн Хуулийн Цэцэд өгнө, нөгөө нь зургаан сар барилаа гээд байдаг.
Үндсэн Хуулийн Цэцэд өгөөд байгаа нөхөд 2013 онд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглах хуулийг баталсан. Одоо ямар хууль зөрсөн гээд гүйгээд байгаа юм. Ард түмнийг талцуулдгаа болих хэрэгтэй" хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!