Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тоби Филпотт: Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаар уул уурхайн бус салбарт ч хөрөнгө орж ирэх боломж нээгдэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МҮХҮАТ, Америк-Монголын худалдааны танхим, Европын худалдааны танхим болон бусад бизнесийн байгууллагын төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, байр сууриа илэрхийллээ.

Их Британийн худалдааны танхимын төлөөлөл Тоби Филпотт "Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэлэлцэж байгааг сануулъя.

Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд шийдвэрлэх шаардлагатай сүүлийн арван жилд байгаа асуудлуудыг энэ хуулиар шийдвэрлэх болов уу гэсэн найдлага тавьж байгаа.

Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж буй байдлыг бусад улстай харьцуулсан олон улсын статистикаас нэлээд хойгуур жагсаж буйг харж болно.

Би долоон жилийн өмнө Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэхийн тулд ирсэн. Долоон жилийн дараа ч бид эдийн засгийн төрөлжилт гэдэг сэдвийг ярьсаар байна.

Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаар эдийн засгийн төрөлжилт илүү идэвхжиж, зөвхөн уул уурхайн салбарт бүх хөрөнгө оруулалт татагдах бус уул уурхайн бус салбарт ч хөрөнгө оруулалт орж ирэх боломж нээгдэх байх гэж бодож байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирснээр ажлын байр нэмэгдэх, технологи ноу-хау нэвтрэх зэрэг олон давуу талыг эдийн засагт бий болгодог.

Британийн худалдааны танхимын зүгээс онцгойлон хэлэхэд Америк-Монголын хооронд байгуулагдсан ил тод байдлын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх ажил чухал байна. Аливаа бизнесийн гэрээ, хэлэлцээр бүрэн хэрэгжиж, аль аль тал нь гэрээний хэрэгжилтийг хүндэтгэх нь чухал.

Бизнесийн ямар нэг маргаан гарсан тохиолдолд шударга, шуурхай шийдвэрлэдэг байх хэрэгтэй.

Хөрөнгө оруулагчдын хүсдэг зүйл нь тогтвортой байдал. Бидний хувьд валютын ханш, хууль эрхзүйн орчин тогтвортой байх нь чухал. Ялангуяа томоохон улс төрийн намууд нь хөрөнгө оруулалтын асуудлаар нэгдсэн байр суурьтай байх нь чухал байгаа юм.

Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаар ойрын хугацаанд хуульд дахин гар хүрэлгүйгээр тогтвортой үйл ажиллагаа, байдал бий болсон эрхзүйн орчин бүрдэх болов уу гэсэн найдлага байгаа.

УИХ-ын гишүүд гадаадын хөрөнгө оруулагчдын дуу хоолой, гомдол, маргааны асуудалд бидний байр суурийг сонсож, ойлгож асуудлыг эерэгээр шийдвэрлэх болтугай гэж хүсье.

Энэ хууль зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын тухай асуудал биш юм.  Хөрөнгө оруулалтын тухай хууль учраас Улаанбаатар хотын танхим, МҮХАҮТ гээд хөрөнгө оруулалттай холбоотой ажилладаг бүхий л байгууллагын асуудлыг хөндөж байгаа учраас төлөөллүүд энд сууж байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад бизнесийн танхимууд эв нэгдэлтэй, нэгдсэн байр суурьтай байгааг эндээс харж байгаа гэж найдаж байна" хэмээн ярилаа.