Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: Би "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж ерөөсөө үзээгүй

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн үед үүсээд буй Солонгосын 100 автобусны асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулав. 

Тодруулбал "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирлыг таны өрөөнд танилцуулсан гэх агуулга бүхий мэдэгдлийг Д.Сумъяабазар дарга хийсэн. Энэ талаар тайлбар өгнө үү гэх сэтгүүлчийн асуултад хариуллаа. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Тийм байсан. Өнгөрөн жил Монгол Улсын Засгийн газраас Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог байгуулсантай холбогдуулж, шинэ сайд томилогдсон. Улмаар түгжрэл бууруулах олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлийг авч ажиллаж байгаа.

Ерөнхий сайд өөрөө санаачилж, бүх зүйлд манлайлал өгч ажилладаг.

Энэ хүрээнд нэг чухал зүйл нь нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил байсан. 2008 оноос хойш 15 жил автобусны парк шинэчлэл хийгдээгүй алдаа дутагдлыг засах ёстой гэж үзсэн.

Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартаар нийтийн тээвэрт явж байгаа автобус есөн жилээс дээш явах стандартгүй байсан.

Төсөв мөнгө, хөрөнгө оруулалтын боломжгүйгээс үе үеийн хотын удирдлагууд дээрх стандартын хугацааг сунгах замаар аргацааж ирсэн байдаг. Ингээд Ерөнхий сайд нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг бодитой хийх үүднээс улсын төсөвт 320 тэрбум төгрөгийг суулгах чиглэлийг Сангийн сайдад өгсөн.

Энэхүү парк шинэчлэлийг бодитой хийх үүрэг чиглэлээр Ж.Сүхбаатар сайдын төсвийн багцад 320 тэрбум төгрөгийг суулгаж, энэ ажлыг эхлүүлсэн байдаг" гэв. 

"Автобус бааз дээр очиж ажиллахад хувийн хэвшлийн 17 байгууллагын төлөөлөл оролцсон"

Мөн тэрбээр "Дээрх ажлын хүрээнд Ерөнхий сайд, танхимын гишүүд оролцсон байдлаар автобус бааз дээр очиж ажилласан. Автобус бааз дээр очиж ажиллахад хувийн хэвшлийн 17 байгууллага, нийслэлийн өмчит хоёр авто бааз хуралд хамтдаа оролцсон. Ингээд төр, хувийн хэвшил нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг хамтдаа хэрхэн хийх талаар асуудал хөндөгдөөд Ерөнхий сайд үүрэг өгсөн.

Ямар үүрэг өгсөн бэ гэвэл "ЗГХЭГ-ын дарга, авто замын түгжрэлийн асуудлыг хариуцаж яваа сайд нар хувийн хэвшлийн болон төрийн өмчит авто баазын удирдлагуудын түвшинд уулзалт зохион байгуулж, парк шинэчлэлийг хэрхэн хийх талаараа хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж ажилла" гэдэг үүрэг чиглэл өгсөн байдаг. 

Энэ хүрээнд манай өрөөнд тус ажлын хэсэг нэг удаа хуралдсан.

Тухайн хурал дээр миний хувьд Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн хүрээнд “Нийтийн тээврийн үйлчилгээг либералчлах бодлогыг баримталж ажиллах нь зүйтэй юмаа. Монголын төр татвар төлөгчдийнхөө мөнгөөр нийтийн тээврийн алдагдлыг жил бүр бууруулж ирсэн алдаа дутагдлыг засаж, залруулах нь зөв" хэмээх байр сууриа илэрхийлсэн. Энэ чиглэлийг аваад Ж.Сүхбаатар сайд цаашаа ажилласан.

Харамсалтай нь либералчлах чиглэлийн бодлогыг цааш хэрэгжүүлж чадаагүй юм билээ. Ямар учир шалтгаан тохиолдсоныг хэлэх тайлбар надад алга" гэлээ. 

"Нийтийн тээврийн салбарыг би бодох нь битгий хэл санаархаж ч үзээгүй"

Үргэлжлүүлэн "Миний хувьд "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж ерөөсөө үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл, холбооных нь тэргүүн гэдэг утгаараа ирж уулзсан байна лээ.

Миний сүүлд авсан мэдээллээр Дархан-Уул аймгаас гаралтай хүн юм шиг байсан. Дарханаас гаралтай улс төрчид дэмждэг гэсэн мэдээллийг саяхан авсан. Нарийн учрыг нь мэдэхгүй.

Би автобусны тендер, зохион байгуулалтын үйл ажиллагаанд нэг ширхэг цэг тавьж ч оролцоогүй.

Автобусны хэрэгт яаж ч хичээгээд намайг холбох гэсэн ямар ч сэжүүр гарч ирэхгүй ээ. Нийтийн тээврийн салбарыг би бодох нь битгий хэл санаархаж ч үзээгүйг энэ ташрамд хэлье" хэмээв.