Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезын ерөнхийлөгч Зүүн Өмнөд Азийн анхны өндөр хурдны төмөр замыг нээв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Индонез улсын ерөнхийлөгч Жоко Видодо өчигдөр Зүүн Өмнөд Азийн хамгийн анхны өндөр хурдны төмөр замыг нээжээ.

142 км урттай уг төмөр замын төсөл $7.3 тэрбумаар хэрэгжсэний ихэнх хэсгийг Хятадын засгийн газар “Зам ба Бүс”  дэд бүтцийн хөтөлбөрийнхөө хүрээнд санхүүжүүлсэн байна.

Бүтээн байгуулалтыг PT KCIC компани гүйцэтгэжээ. Уг компанийг Индонезын төрийн өмчит дөрвөн компани, Хятадын Олон Улсын Төмөр Замын корпорац хамтран байгуулсан юм.

Өндөр хурдны төмөр зам тус улсын нийслэл Жакарта хотыг бүс нутгийн төв Бандун хоттой холбожээ. Энэ хоёр хотын хооронд иргэд гурван цаг зорчдог байсан нь одоо 40 минут болж богиноссон байна.

350 км/цаг хүртэл хурдалдаг төмөр замын системээ Индонезын эрх баригчид “Whoosh” гэж нэрлэжээ. Энэ нь “Waktu Hemati, Operasi Optimal, Sistem Handal” (цаг хэмнэлт, оновчтой ажиллагаа, найдвартай систем) гэсэн индонез хэлний үгсийн товчлол юм байна.

Бүрэн цахилгаанаар ажилладаг тул байгаль орчны бохирдлыг ч бууруулж байгаа ажээ.

“Жакарта-Бандун чиглэлийн хурдны галт тэрэг нь үр ашигтай, байгаль орчинд ээлтэй манай нийтийн тээврийн шинэчлэлийг харуулж байна. Шинэ зүйлийг туршиж үзэх бидний зүрх зориг нь өөртөө итгэх итгэл, суралцах боломж, ирээдүйн боловсон хүчний нөөц, улс орны бие даасан байдлыг нэмэгдүүлэх болно” гэж ерөнхийлөгч Видодо нээлтийн үеэр хэлсэн юм.

Тэрбээр бусад албаны хүмүүсийн хамт Жакарта хотын Халим өртөөнөөс Бандун хотын дөрвөн өртөөний нэг Падаларан хүртэл замаар 30 минут зорчжээ.

зураг
 
Индонезын ерөнхийлөгч Жоко Видодо нээлтийн үеэр

Гэрээний хүрээнд Хятадын Олон Улсын Төмөр Замын корпорац өндөр хурдны төмөр замын технологио Индонезын талд шилжүүлж өгөхөөр болсон байна. Үүний үр дүнд төмөр замын цаашдын өргөтгөлийг Индонезын мэргэжилтнүүд өөрсдөө гүйцэтгэх боломжтой болж байгааг тус улсын засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ.

Индонез улсын өндөр хурдны төмөр замын төсөл 2016 онд шаваа тавьж байв. Анхны төлөвлөгөөгөөр 2019 онд ашиглалтад орох ёстой байсан ч газар чөлөөлөх, байгаль орчны асуудлууд, цар тахлын улмаас хойшилж байжээ.

Үүний улмаас нийт өртөг нь $4.3 тэрбумаас $7.3 тэрбум болж өссөн юм.

Жакарта-Бандунгийн чиглэлд зорчих өндөр хурдны галт тэрэг нь 209 метр урт цуваатай, 601 зорчигчийн багтаамжтай.

Зорчигчийн тасалбарын үнэ энгийн суудал $16 орчим, VIP суудал $22.6 орчим байх гэнэ.

Индонезын өндөр хурдны төмөр замыг байгуулах төслийн шалгаруулалтад Хятад, Япон улсууд ширүүн өрсөлдөж, Хятадын тал сонгогдож байжээ. Хөрөнгө оруулалтын 75 хувийг Хятадын Хөгжлийн Банк санхүүжүүлсэн бол үлдсэн 25 хувийг шалгарсан консерциум өөрийн нөөцөөс гаргасан байна.

Цаашдаа Индонез улсын гол арал Жава дээр оршдог дөрвөн муж болон хоёр дахь том хот Сурабая нийт 750 км урт өндөр хурдны төмөр замаар нийслэлтэйгээ холбогдох юм.

Сүүлийн жилүүдэд Хятад улс 675 сая орчим хүн оршин суудаг Зүүн Өмнөд Азийн зах зээлд хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлж байна.

2021 оны арванхоёрдугаар сард Хятад-Лаосыг холбосон хагас хурдны (160 км/цаг хүртэл) төмөр зам нээгдэж байв.

Уг төслийн $6 тэрбумын хөрөнгө оруулалтын ихэнх хэсгийг Хятадын засгийн газар санхүүжүүлсэн юм. 1,035 км урт үргэлжлэх энэ зам Хятадын баруун өмнөд бүсийн Куньмин хотыг Лаосын нийслэл Веньтян хоттой холбожээ.

Уг замыг цаашаа Тайланд, Малайзаар дайруулан Сингапур хүргэх зорилготой байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press