Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Тухайн иргэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас тарвага авч, Биндэрт хэсэг нөхдийн хамт хүнсэнд хэрэглэхдээ халдвар авсан нь батлагдсан"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 8 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 оны наймдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод бүртгэгдсэн тарваган тахал өвчний нөхцөл байдлын талаар ЗӨСҮТ-ийн Дэд захирал Б.Амгаланбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Наймдугаар сарын 7-8-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүрэгт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний дагуу Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв/ЗӨСҮТ/, Халдварт Өвчигн Судлалын Үндэсний Төв/ХӨСҮТ/ хамтарсан үзлэг хийж, сорьцод лабораторийн шинжилгээ хийснээр наймдугаар сарын 8-ны 12:00 цагт уг иргэн тарваган тахлын гэдэсний хувилбараар өвчилсөн болохыг баталгаажууллаа.

Тухайн тохиолдол орон нутгаас зөөвөрлөгдөж ирсэн. Тодруулбал Хэнтий аймгийн Баян-Адарга сумын анчнаас тарвага худалдан авч, Биндэр суманд хэсэг нөхдийн хамт хэрэглэхдээ халдвар авсан нь батлагдсан.

Тарваган тахал өвчин хүнээс хүнд халдварладаг гоц халдварт өвчин. Нэгдүгээр хавьтлуудыг олж илрүүлээд шинжилгээ авч, эмчилгээнд хамруулсан.

Улаанбаатарт уг тохиолдлын нэгдүгээр хавьтлын долоон хүн байна. Эдгээр хүмүүсийг тусгаарлан эмчилж, байсан газарт нь эцсийн халдваргүйжүүлэлтийг хийх, зөвлөмж өгөх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Хэнтий аймгийн ЗӨСТ Биндэр суманд байгаа нэгдүгээр хавьтлуудад үзлэг шинжилгээ, эмчилгээ хийх, тарвага худалдаж авсан газарт байгалийн голомтын тандалт судалгааг хийх, ард иргэдийг тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлээд байна.

2023 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд зургаадугаар сарын 28-нд тарваган тахлын тохиолдол батлагдаж байсан бол наймдугаар сарын 8-нд Улаанбаатарт тарваган тахлын хоёр тохиолдол батлагдаад байна.

Тарвага агнах, эд эрхтнийг түүхийгээр нь залгих зан үйл иргэдийн дунд байсаар байгаа тул үүнээс татгалзаж, тарваган тахлын өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна" хэмээн хэллээ.

зураг
 

Хэнтий аймгийн ЗДТГ-аас "Манай аймгийн хувьд тухайн иргэнтэй хамт байсан иргэдийг тусгаарлаж, Зооноз ӨСТ, Биндэр сумын эмч мэргэжилтнүүдийн хамтарсан баг урьдчилсан сэргийлэх эмчилгээг хийж байна. Одоогоор биед илэрсэн зовуурь байхгүй.

Онцгой комиссын хуралдаанаар тарваган тахал өвчний гэдэсний хэлбэрийн батлагдсан тохиолдлын хавьтлыг тогтоох, тусгаарлах, хяналт сэргийлэлтийн ажлыг зохион байгуулах ажлыг хэсгийг байгууллаа. Мөн тархвар зүйн судалгааг авч бусад хавьтлыг тогтоож, тусгаарлах хүртэл хугацаанд Биндэр сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон" гэв.

Монгол орны 17 аймгийн 81 сумд тарваган тахлын голомт идэвхтэй байгааг анхааруулав.

зураг