Агаарын халалтын улмаас нислэгийн үеэр онгоц доргих үзэгдэл улам нэмэгдэж байгааг судалгаа харуулжээ
Агаарын хүчтэй урсгалын нөлөөгөөр нислэгийн үеэр онгоц доргих, сэгсрэгдэх үзэгдэл гардаг.
Сүүлийн жилүүдэд энэ үзэгдэл улам нэмэгдсэн нь дэлхийн агаар мандлын халалттай шууд холбоотойг шинэ судалгаа харуулжээ.
Их Британийн Ридингийн их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор 1979-өөс 2020 оны хооронд ачаалал өндөртэй Умард Атлантын агаарын замд ийм үзэгдэл 55 хувиар нэмэгдсэн байна.
Хүлэмжийн хийн ялгаруулалтаас бий болсон халуун агаар газрын гадаргаас өндөрт салхины хурдыг өөрчилдгөөс онгоцнууд гэнэт доргиж, сэгсрэгддэг болохыг тэд баталжээ.
“Уур амьсгалын өөрчлөлт нь ирээдүйд агаар дахь нисэх онгоцны доргилт, сэгсрэлтийг улам нэмэгдүүлэхээр байгааг бидний арван жилийн хугацаанд явуулсан судалгаа харууллаа. Бид ойрын хэдэн арван жилийн хугацаанд донсолгоотой агаарын замаас урьдчилан сэргийлэх системийг бүтээхэд хөрөнгө оруулах шаардлагатай” гэж судалгааг ахлагчдын нэг, Ридингийн их сургуулийн агаар мандлын судлаач, профессор Пол Уилльямс дүгнэсэн байна.
Онгоцны доргилтын үзэгдэл АНУ болон Умард Атлантын нислэгийн чиглэлүүдэд хамгийн их нэмэгджээ.
Тойрог замын хиймэл дагуулуудаар дэлхийн агаар мандлын урсгалын чиглэлүүдийг хянах боломжтой тул уг үзэгдлээс сэргийлэх системийг зохион бүтээж болно гэж эрдэмтэд үзэж байна.
Доргилтын улмаас онгоцны зорчигчдын тав тух алдагдаад зогсохгүй, гэмтэж бэртэх эрсдэлтэй байдаг.
Одоохондоо ноцтой бэртэж гэмтсэн тохиолдол ховор ч ирээдүйд давтамж, эрчим нь нэмэгдвэл улам аюултай болно гэж судлаачид үзэж байгаа ажээ.
Үүнээс гадна онгоцны доргилтын улмаас агаарын тээврийн компаниудын зардал өсөж, байгаль орчны бохирдол нэмэгддэг байна.
Тухайлбал АНУ-ын агаарын тээврийн компаниудад доргилтын улмаас онгоцонд гарсан жижиг гэмтэлтэй холбоотой жил бүр $150-$500 саяын хохирол учирдаг гэнэ. Доргилтоос гарахын тулд нисгэгчид онгоцны хурдыг нэмж, илүү их түлш шатаадаг нь байгаль орчны бохирдлыг нэмэгдүүлдэг ажээ.
Британийн эрдэмтдийн судалгааны тайлан “Geophysical Research Letters” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
