Авлигатай тэмцэх газар (АТГ)-т өнөөдөр боловсролын салбар дахь хууль бус хандив, тусламж, анги засвартай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг боллоо.
Тодруулбал жил бүрийн өдийд эцэг, эхчүүдээс анги засварын мөнгө хурааж аваад, намар дөхөх үед хамгийн хямд будгаар сургуулийн шал ханыг буддаг гэх гомдлын дагуу энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг хэлэлцэхээр бүх талуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг хийсэн байна.
Хуулийн дагуу аль сургууль дээр ямар засвар хэрэгтэй байгаа эсэхийг эрэмбэлэн жагсааж шаардлагатай төсвийг сургуулиудад баталж өгснөөр засварын ажил хийгддэг аж.
Боловсролтой холбогдох хуульд зөвхөн гүнзгийрүүлсэн сургалтаар хичээллэж байгаа сургуулиуд стандартаас давсан агуулгаар сургалт зохион байгуулсныхаа төлөө хувьсах зардлын 50-иас хэтрэхгүй хувиар эцэг эхчүүдээс нэмэлт төлбөр авдаг. Үүнээс өөр хуульд заасан хураамж байхгүй. Тиймээс хуульд тусгаагүй төлбөр хураамж авах нь хориотой учир бүх хүүхдэд ижил төлбөрийн нөхцөлтэй хэмжээ тогтоож, бүгд оролцохыг албадаж болохгүй гэдгийг авлигатай тэмцэх газрын Урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш хэллээ.
Сургууль, цэцэрлэг нь их болон урсгал гэсэн хоёр төрлийн засварыг хийдэг аж. Уг хоёр засварын ажилд зарцуулагдах төсөв нь тухайн сургуулийнхаа тэр хичээлийн жилийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад өөр өөр батлагддаг байна.
Тодруулбал сургууль, цэцэрлэгийн удирдлагууд засаг захиргааны нэгждээ энэ жил ямар засварын ажил хийх шаардлагатай байгаа талаараа хүсэлт тавьж уг хүсэлтийн дагуу санхүүжилт нь орж ирдэг юм байна.
Гэвч энэ нь ил тод биш, мэдээллийн зөрүүтэй байгаа нь төөрөгдөл үүсгэж улмаар засварын мөнгийг эцэг эхээс хураах, засварын ажил оройтох зэрэг асуудлыг үүсэж байна гэдгийг эцэг эхийн төлөөлөл иргэн Л.Дэлгэрзул хэллээ.
2022 оноос эхлээд боловсролын үр дүнд суурилсан санхүүжилт хэрэгжиж эхэлсний хүрээнд 10 төрлийн зардал дотор сургуулийн засвар орсон байна. Өмнө нь ийм зардал сургууль, цэцэрлэгийн төсөвт байдаггүй байсан учраас эцэг эхчүүдээс мөнгө татдаг байжээ.
Цаашдаа энэ зардлыг нэмэгдүүлж, илүү хүртээмжтэй оновчтой болгох, шаардлагагүй зардал татаж байгаа бол түүнийг тодорхой болгох хариуцлага тооцох зохицуулалтыг хийхээр ажиллаж байгаа гэдгийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хэлж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|