Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Удаан хүлээгдсэн сөрөг давшилт эхлэхэд бэлэн болсныг Украины ерөнхийлөгч Зеленский зарлав

Т.Давааням, ikon.mn
2023 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн шинэ ярилцлага өчигдөр “The Wall Street Journal” сонинд нийтлэгджээ.

Ярилцлагадаа тэрбээр Оросын эзлэн түрэмгийлэгчдээс газар нутгаа чөлөөлөх Украины армийн сөрөг давшилт эхлэхэд бэлэн болсныг зарласан байна.

“Бид ялна гэдэгтээ маш их итгэлтэй байна. Хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Үнэнийг хэлэхэд энэ давшилт янз бүрийн арга замаар, огт өөр хэлбэрээр хэрэгжих болно. Бид бэлэн болсон, удахгүй эхэлнэ” гэж Зеленский энэ үеэр ярьжээ.

Украины арми хүссэн бүх зэр зэвсгээ хүлээж аваагүй ч үүнээс удаан хүлээх боломжгүй болсныг тэр тайлбарласан байна.

Өнгөрсөн сард тэр ярихдаа сөрөг давшилт эхлэхээс өмнө Украины армид илүү олон зэвсэг хэрэгтэй байгааг ярьж байв.

Орос улс одоо Украины зүүн, зүүн өмнөд, өмнөд газар нутгуудыг эзлээд байгаа.

Оросын агаарын довтолгооноос энгийн иргэд болон фронтод тулалдаж буй цэргүүдээ хамгаалахад АНУ-ын Patriot систем илүү олон хэрэгтэй байгааг Зеленский ярилцлагадаа дурдсан байна.

Сүүлийн өдрүүдэд Оросын талаас Украины хотуудад өгөх агаарын цохилтын хэмжээ, давтамж урьд өмнө байгаагүйгээр ширүүссэн юм.

Энэ ажиллагаа нь сөрөг давшилтыг тасалдуулах эцсийн зорилготой гэж үзэж байгаагаа Украины батлан хамгаалахын дэд сайд Володимир Гаврилов өчигдөр мэдэгджээ.

Сингапурт болж буй аюулгүй байдлын олон улсын чуулганд оролцох үеэрээ тэр сэтгүүлчдэд энэ талаар мэдэгдсэн юм.

Тавдугаар сард Украины хотуудад их хэмжээний далавчит пуужингаар довтолсон нь Оросын “стратегийн сүүлчийн арга”бөгөөд Украины армийн агаараас хамгаалах систем тэдгээрийн 90 гаруй хувийг устгаж чадсан тухай Гаврилов ярьжээ.

Өчигдөр бас Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин өөрийг нь хорлох гэсэн Кремлийн фракц улс орныг улам доройтуулж байгаа талаар ээлжит мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Түүний хэлснээр Оросын элит хүрээний нэрийг нь дурдаагүй этгээдүүд “маш аюултай тоглоом”-оор тоглож, “Пандора хайрцгийг нээж” буй ажээ. Пандора хайрцаг нээх гэдэг нь сүйрэл дагуулсан олон үзэгдлийг ар араас нь эхлүүлэх тухай ойлголтыг хэлдэг.

Пригожин энэ удаа сайд Сергей Шойгу, зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов тэргүүтэй ОХУ-ын батлан хамгаалах яамны удирдлагуудыг “ямар ч ажил гүйцэтгэх чадваргүй” хэмээн дахин муулсан байна.

 

Эх сурвалж: Reuters