Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

81 настай эмэгтэй “Sports Illustrated” сэтгүүлийн нүүрэнд хөргөө нийтлүүлсэн хамгийн ахмад модель боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Америкийн амьдрах ухааны багш Марта Стюарт алдарт “Sports Illustrated” сэтгүүлийн нүүрэнд усны хувцастай хөргөө нийтлүүлсэн хамгийн ахмад модель болжээ.

Одоо 81 настай бизнес эмэгтэй энэ оны нэгдүгээр сард Доминиканы Бүгд Найрамдах Улсын далайн эрэгт 10 өөр загварын усны хувцастай гэрэл зургаа авхуулсан юм байна.

Стюарт өчигдөр удахгүй хэвлэгдэх сэтгүүлийн нүүр зургийг өөрийн сошиал хуудсанд нийтэлжээ.

“Ихэнхдээ надад ийм ажлын цалин хөлс нь чухал байдаг ч энэ удаа миний насны эмэгтэй хүн сайхан харагдаж, сайхан мэдрэмж төрүүлж чаддагийг харуулсан нь хамгийн том урам байлаа” гэж тэр сэтгүүлийн вэб сайтад нийтлэгдсэн видео бичлэгт ярьсан байна.

Марта Стюарт 1980-аад оны үед хоолны жорын хэд хэдэн ном хэвлүүлсэн нь борлуулалтаараа тэргүүлж байжээ.

Дараа нь тэр 1990 оноос эхлэн “Martha Stewart Living” нэртэй сэтгүүл гаргаж, удалгүй долоо хоног тутмын телевизийн шоутай болж байсан юм.

Сүүлд тэр өөрийн хүч хөдөлмөрөөр хөрөнгөжсөн Америкийн анхны эмэгтэй тэрбумтан болж байжээ.

Гэвч 2004 онд Стюартын бизнес уналтад орж, “insider trading” буюу үнэт цаасны хууль бус арилжааны хэргээр таван сар хоригдох ял сонссон юм.

Үүний дараа тэр бизнес, нэр хүндээ дахин өсгөхөөр идэвхтэй ажиллаж байгаа. Энэ оны эхээр Стюарт “Super Bowl” тэмцээний сурталчилгаанд олон жил найзалсан рэппер Снүп Догтой хамт тоглосон юм.

“Sports Illustrated” сэтгүүлийн хувьд олон жилийн турш залуу, цагаан арьст моделиудаар нүүрээ чимэглэдэг байв.

Харин сүүлийн жилүүдэд энэ уламжлалаа өөрчилж, өөр өөр хүмүүсийн төлөөллийг оролцуулдаг болоод байгаа.

1997 онд тус сэтгүүлийн нүүрэнд хөрөг нь нийтлэгдсэн анхны хар арьст модель Тайра Бэнкс болж байв.

2020 оны дугаартаа анх удаа хүйсээ солиулсан моделийг сонгосон юм. 2022 оны дугаарт тэрбумтан Илон Маскын ээж 74 настай Мэй Маскын хөргийг нийтэлсэн нь Стюартаас өмнөх хамгийн өндөр настай модель болж байжээ.

Нүүрэндээ Стюартын хөрөгтэй сэтгүүлийн шинэ дугаар Пүрэв гарагт худалдаанд гарах юм.

 

Эх сурвалж: AFP