Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-ын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Үүнд:
Монголын талыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Вьетнамын талыг төлөөлж Хууль зүйн сайд Нгуен Хай Нинь нар гарын үсэг зурлаа.
- Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад урьдчилсан судалгаа хийх, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг төгөлдөржүүлэх, хууль тогтоомжийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хэрэгжилтийн талаар харилцан туршлага солилцох зэргээр хамтран ажиллана. Мөн иргэний бүртгэл, хууль зүйн туслалцаа, эрх зүйн сурталчилгааны салбарт хамтарна.
Монголын талыг төлөөлж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Вьетнамын талыг төлөөлж Тээврийн сайд Нгуен Ван Тан нар гарын үсэг зурлаа.
- Авто тээвэр, агаарын тээвэр, төмөр зам, далайн тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан дэмжлэг үзүүлэх, талуудын нутаг дэвсгэрээр дамжуулан ачаа тээвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын тээвэр, ложистикийн үр ашигтай сүлжээ бий болгоно.
Монголын талыг төлөөлж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Вьетнамын талыг төлөөлж Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Нгуен Ван Хунг нар гарын үсэг зурлаа.
- Аялал жуулчлалын салбарын мэдлэг, туршлага, хэвлэмэл материал, мэдээ мэдээлэл, тоо баримт солилцох, аялал жуулчлалын хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих замаар аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
Монголын талыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Вьетнамын талыг төлөөлж Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд Фам Те Дунг нар гарын үсэг зурлаа.
- Кибер аюулгүй байдлын тухай олон улсын эрх зүйн дүрэм, журам, стандартыг хөгжүүлэн сайжруулах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргууд, чухал мэдээллийн дэд бүтцийн хамгаалалт, кибер аюулгүй байдлын хамгаалалтын чиглэлээр мэдээлэл солилцож, харилцан туршлага солилцоно.
Монголын талыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, Вьетнамын талыг төлөөлж Ханой хотын Ардын хорооны орлогч дарга Нгуен Мань Куйен нар гарын үсэг зурлаа.
- Худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж, найрсаг харилцаагаа бэхжүүлэн, бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нөхцөл бүрдүүлнэ.
Монголын талыг төлөөлж Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газрын дарга А.Баярбаатар, Вьетнамын талыг төлөөлж Шинжлэх ухаан, технологийн академийн Ерөнхийлөгч Чау Ван Минь нар гарын үсэг зурлаа.
- Хамтарсан хурал, семинар, зөвлөгөөн зохион байгуулах, эрдэм шинжилгээний ажилтан солилцох, шинжлэх ухааны мэдээлэл, өгөгдөл, судалгааны үр дүнгийн талаар харилцан мэдээлэл солилцох замаар харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
Монголын талыг төлөөлж Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ректор Т.Намнан, Вьетнамын талыг төлөөлж Вьетнамын Үндэсний их сургуулийн захирал Ле Куан нар гарын үсэг зурлаа.
- Хамтарсан сургалт, хөтөлбөр зохион байгуулах, арга зүй, туршлага солилцох, шинжлэх ухаан болон технологийн салбарт хамтарсан судалгаа хийх, судлаач эрдэмтэн мэргэшүүлэх болон оюутан харилцан солилцоно.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!