УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн амралтын өдрүүдэд (2023.04.30) нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим зах, худалдааны төвүүдэд ажиллажээ.
Нийслэлээс сонгогдсон зарим гишүүдэд хандан өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн тэр дундаа мах, гурилын үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлыг судалж, холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийхийг үүрэг болгосон билээ.
Байнгын хороодын дарга, гишүүд эхлээд Чингэлтэй дүүрэг дэх “Хүчит шонхор” хүнсний захад ажиллаж, махны үнийн нөхцөл байдалтай танилцав.
“Хүчит шонхор” захад хонины ястай мах 11,000-13,000 төгрөг, үхрийн ястай мах 13,000-15,000 төгрөгийн хооронд борлуулагдаж байна.
Махны үнийн өсөлтийн талаар худалдаа эрхлэгчид хэлэхдээ, жил бүрийн хаврын улиралд шинэ махны нийлүүлэлт эрс багасдаг учир үнэ бага зэрэг өсдөг гэлээ.
Түүнчлэн энэ жилийн хувьд өвөлжилт хүнд болсон, энэ хавар худалдаанд гарсан нөөцийн мах чанаргүйгээс гадна хэт үнэтэй, БНХАУ руу адуу, ямааны махыг их хэмжээгээр гаргаж байгаагаас хомсдол үүссэн зэрэг шалтгаануудаас үүдэн махны үнэ өсөх болсон гэлээ.
Махны үнийг худалдаа эрхлэгчид тогтоодоггүй, эрэлт нийлүүлэлтээсээ шууд хамаардаг гэж байв.
Худалдаа эрхлэгчид малчдын гар дээрээс авсан махан дээр нэг кг тутамд нь 300-500 төгрөг нэмж борлуулдаг байна.
“Хүчит шонхор” захад махны нийлүүлэлт хэвийн үедээ өдөрт 100-150 тонн борлуулагддаг бол өнөөдрийн байдлаар өдөрт 20-30 тонн мах борлуулагдаж байгаа гэнэ. Энэ нь нийслэлийнхний махны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа гэсэн үг. Энэ хомсдолыг нөөцийн махаар нөхөх учиртай ч энэ хаврын нөөцийн махны чанарын шаардлага хангахгүйн дээр үнэтэй байгаа нь иргэдэд хүндрэл учруулаад байгаа юм.
Нөөцийн мах бэлтгэн нийлүүлдэг компаниуд намар мах нөөцлөхдөө журмын дагуу бус “Хүчит шонхор” зах дээр борлуулагдаагүй үлдсэн муу махыг авч нөөцөлдөг гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байв.
Нийслэлийн хэмжээнд 12 аж ахуйн нэгж 8,000 орчим тонн махны нөөцийг бэлтгэжээ. Үнийн хувьд үхрийн ястай мах кг нь 10,700, хонины ястай мах кг нь 8,600 төгрөгөөр борлуулагдаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс махны үнэ хавартаа бага зэрэг өсдөг байдал харагдаж байна. Мах, гурил, гол нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ энэ жил хэт өсөлттэй байгаа нь иргэдийн амьдралд тулгамдаад байгаа гол асуудал болсон гэдгийг “Сант марал” сангийн судалгаанаас харж болно.
Бид өнөөдөр зах, худалдааны төвүүдэд ажиллаж бодит байдал дээр үнэ ямар түвшинд байгааг судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж холбогдох арга хэмжээг авахаар ажиллах болно” хэмээлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Нөөцийн махыг ном журмаар нь бэлтгэж чадвал жил бүрийн хавар махны үнийг хөөргөдөлгүй барих боломжтой гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж, заасан журмын дагуу ажиллуулдаг болох тал дээр анхаарал хандуулах шаардлага үүссэн байна” гэв.
Дараа нь Байнгын хороодын дарга, гишүүд Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” худалдааны төвд очиж, өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн буюу төмс, хүнсний ногоо, гурил, будааны наймаа эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа.
Худалдаа эрхлэгчид хилийн цаана үнэ өссөн зүйл огт байхгүй, тээврийн зардал буурсан хэдий ч үнэ нэмэгдэж байгаа нь валютын ханш өссөнтэй шууд холбоотой гэдгийг хэлж байв.
Түүнчлэн олон нэр төрлийн татвар, НӨАТ нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд дарамт болдог гэлээ. Тэд валютын өсөлт дээр анхаарч тодорхой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэсэн юм.
Хүнсний ногооны хувьд үнэ харьцангуй тогтвортой, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хямд буюу үнэ буусан үзүүлэлттэй байна.
“Ковид-19” цар тахлаас хойш иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр, цалин буух өдрүүдэд худалдан авалт бага зэрэг сэргэдэг гэв.
Гурил, гурилан бүтээгдэхүүний хувьд цөөн хэдэн компани монопол болсон учраас үнийг дураараа зохиож байгаа гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байлаа.
Үүний дараа гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, хүнсний дэлгүүрүүд, нөөцийн мах худалдаалж буй явуулын цэгийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Хүнсний дэлгүүрийн хувьд бараа бүтээгдэхүүний борлуулалт муудаж, иргэд зээлээр үйлчлүүлэх нь ихэссэн тухай ярилаа.
Нөөцийн махны хувьд хэт туранхай, чанаргүй мах өндөр үнээр зарагдаж байна хэмээн иргэд сэтгэл дундуур буйгаа илэрхийлж байв.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Төрөөс мах сүү ногооны урамшуулал олгож байгаа хэдий ч эдгээр нэр төрлийн барааны үнэ өсөөд байгаа нь урамшуулал нүдээ олж эздэдээ хүрч чадаж байна уу, үгүй юу гэдгийг эргэн харах болсон байна.
Жижиг, дунд худалдаа эрхлэгчид татвар, НӨАТ-ын асуудлыг их хөндөж байна. Бид энэ асуудлуудыг Байнгын хороонд танилцуулж, Засгийн газар болон холбогдох яамдтай бодлогын түвшинд ярилцаж гарц гаргалгааг УИХ-д танилцуулна” гэв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Мах, гурил болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх олон шат дамжлагыг цөөлөх шаардлагатай гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Төрөөс зарим тал дээр тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлагатай гэж харж байна” хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!