УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” ирүүлсэн асуулгад өнөөдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариу өгсөн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, 1 килограмм цэвэр уранаас гаргаж буй эрчим хүчний нөөц 1 сая тонн нүүрснээс гаргаж буй эрчим хүчтэй тэнцэж байна. Тиймээс ураны эрчим хүчнийг ашиглах талд хэрхэн ажиллаж буй талаар асуусан юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Францын ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах сураг бий. Тэр үеэр энэхүү асуудал хөндөгдөнө. Тухайн үед тодорхой хариулт өгье" гэв.
Түүний мэдээлснээр Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчлах үеэр атомын цахилгаан станцын асуудал яригдах юм байна.
Атомын цахилгаан станц барих талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Эрчим хүчний салбар хөгжлийн чухал хөшүүрэг учраас энэхүү асуулгыг тавьсан. Гэтэл бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрчим хүчний салбар хоцрогдож байна.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хувийн хэвшлийн ганцхан л цахилгаан станц баригдсан байна.
Цаашдаа уран баяжуулж атомын цахилгаан станц байгуулах зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судлах хэрэгтэй байна" хэмээн хэллээ.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн 15 жилийн хугацаанд жил бүр 6-7 хувь өсжээ. Өнөөдөр ажиллаж буй найман дулааны цахилгаан станц байгаа юм байна. Суурилагдсан хүчин чадал 1,264 меггават. 2035 он хүртэл хэрэглээний хэмжээг гаргаж үзэхэд 3,000 орчим меггават хүртэл нэмэгдэхээр байгаа аж.
"Энэхүү хэрэгцээг хангахад “ТЭЦ-3” хүчин чадлыг нэмэгдүүлэх, Тавантолгойн дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц болон Багануур, Эрдэнэбүрэний цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Дорнод бүсийн цахилгаан станцыг өргөтгөх бүтээн байгуулалт өрнөж байна. Тиймээс өсөн нэмэгдэж буй хэрэгцээнээс өмнө цахилгаан станцыг барьж байгуулах боломжтой.
Нар, салхины 11 станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй боловч нар, салхины эрчим хүчний тохируулгын функцгүй. БНСУ-ын Засгийн газрын зээлээр 9 аймагт дулааны цахилгаан станцыг барихад үнийн өсөлт гарсан. Тооцоо, үнэлгээг магадлан, асуудлыг шийдэх талаар ярилцаж байгаа"-г Эрчим хүчний сайд танилцуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!