Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

М.Сувд: Бэлчээрийг гэрээгээр дундаа хамтран ашиглах, урамшуулал, хяналтын механизмыг бий болгох шаардлагатай

Т.Саран, iKon.mn
2023 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Бэлчээр ашиглалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх боломж, шийдэл" сэдвээр хуульч М.Сувд илтгэл танилцууллаа. 

Тэрбээр "Манай улсын бэлчээрийн харилцааны эрх зүйн зохицуулалтын хувьд хэт ерөнхий зарчим тодорхой бус. Бэлчээрийг төлөвлөлттэй ашиглах талаарх заалт тодорхойгүй. Харин ч бэлчээрийг үнэ төлбөргүй сорчлон ашиглах нөхцөлийг бий болгосон. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бэлчээр зохион байгуулалтын талаар тусгагдаагүй байхад баталж хэвшсэн байна. 

Бэлчээрийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг шинээр бүрдүүлэхэд дэлхийн жишиг, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэх зайлшгүй шаардлагатай. Монголын бэлчээрийн харилцааны эрх зүйн зохицуулалтад ойрын хугацаанд дорвитой шинэчлэл хийх хэрэгтэй. Тухайлбал, бэлчээрийг гэрээгээр дундаа хамтран ашиглах, ангилал тогтоож, ангилал бүрд зориулан ашиглалтыг бий болгох, бэлчээрийн харилцаанд урамшууллын болон хяналтын механизмыг бий болгох нь чухал. 

Түүнчлэн бэлчээрийн зохисгүй ашиглалтад хариуцлага хүлээлгэдэг болмоор байна" хэмээв. 

Киргиз улс 2009 онд бэлчээрийн тухай хууль баталж, 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Киргиз улсын эрх зүйн зохицуулалтын туршлагаас: 

  • Байгалийн нөөцийн хамтын менежментийн үзэл баримтлалд үндэслэсэн хуультай
  • Бэлчээрийг газрын ердийн нэгэн хэсэг гэж үзээгүй
  • Малчдын хамтын байгууллага бэлчээрийг дундаа хамтран ашиглах зохицуулалттай
  • Бэлчээрийг төлбөртэй, төлөвлөлттэй ашиглах хэм хэмжээ тогтоосон

ӨМӨЗО-ны бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтаас: 

  • Малчин өрхөд бэлчээрийг эзэмшүүлэх зохицуулалттай. Эзэмшүүлэхдээ хашлага буюу тор татсан
  • Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын төлөвлөгөөтэй
  • Бэлчээрийн тоо бүртгэлтэй бөгөөд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг зохицуулсан
  • Бэлчээрт хяналт тавих
  • Бэлчээрийн зохисгүй ашиглалтад хүлээлгэх хариуцлага журмын талаарх зохицуулалттай аж. 

"Бэлчээрийн харилцаа нь мал амьтан, бэлчээр ашиглагч, бэлчээр хэмээх гурван талт харилцааны тогтолцоог хамаарсан өргөн ойлголт юм. Уг асуудал нь Монгол Улсын хөгжлийн аль ч шатанд төрийн бодлого болж ирсэн. Бэлчээрийг зохистой ашиглан, хамгаалж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь манай улсын тогтвортой хөгжлийн нэгэн чиг хандлага мөн" гэдгийг хуульч М.Сувд хэлж байлаа.