94 сая төгрөгөөр 35 ширхэг бордоо боловсруулдаг жинхэнэ “эко жорлон” эсвэл 522 ширхэг хог хаягдлыг зөөх боломжтой, дороо дугуйтай, ангилан хаядаг хогийн сав авах байв…
Монгол улсын засгийн газар 2023-2025 оныг “Монголд аялах жил” болгон зарлаж, Ерөнхий сайдаар ахлуулсан “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог” байгуулан 2023 онд нийт 1 сая жуулчин авахаар бэлтгэж буйгаа зарласан билээ. Энэ мэдээ цөөнгүй иргэдийг Монгол улс төдий тооны жуулчин хүлээн авах бэлтгэлтэй эсэхэд эргэлзэхэд хүргэсэн. Жуулчдын хамгийн их очдог, аялал жуулчлалын төв болсон газруудад шаардлагад нийцсэн ариун цэврийн өрөө, хогийн сав байгаа юу гэх асуултыг олон хүмүүс цахим орчинд хөнджээ. Тэгвэл дотоодын болон гадаадын жуулчдын хамгийн их очдог, байгалийн цогцолборт газар болох Увс аймгийн Хяргас нуур, Хэцүү хад орчимд байдал ямар байгааг жишээ болгон харъя.
Их нууруудын хотгорт байрлах Хяргас нуурыг 2000 онд “байгалийн цогцолборт газар” болгон зарласан бөгөөд дөрвөн улиралд өнгө нь өөрчлөгддөг өвөрмөц тогтоцтой, хар галуу, цахлай зэрэг амьтан чуулдаг тул жуулчдын заавал очиж үзэх ёстой газрын нэгт тооцогддог.
/Гэрэл зургийн эх сурвалж: Б.Баяр ikon.mn/p/ciq/
Сүүлийн жилүүдэд Хяргас нуурыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдсэнээс үүдэн нуур орчим хогт дарагдах, бие засах газар хангалтгүй тул өмхий үнэр тасрахгүй болжээ. 2022 онд иргэд Хяргас нуурын эрэг орчмоос 63.1 тонн хог түүж, цэвэрлэжээ. Орон нутгийн захиргаа нь хог хаягдлын менежмент сайжруулах төсөл хэрэгжүүлж, байгаль хамгаалагчид жуулчдад хяналт тавьж, нуурын эрэг хэсгээр “Хог бүү хая” гэсэн тэмдэг тавиад ч Хяргас нуур орчим хог, өмхийдөө дарагдан “экологийн сүйрэлд” өртөхөд ойртоод байна. Засгийн газрын амлаад буй олон жуулчин ирж амжаагүй байхад дотоодын жуулчдынхаа хөлд дарагдан, аюулт нөхцөл байдал үүсээд байхад өнөөх 1 сая жуулчин нь аялахаар ирвэл юу болох вэ? Энэ асуудлыг шийдэх гарц бий юу?
2022 оны 4-р сард Увс аймгийн орон нутгийн өмчийн газраас Хяргас, Увс нуурын эрэгт 3 төрлөөр ангилан ялгах хогийн сав, эко жорлон байрлуулах тендер зарлаж, нийт 3 аж ахуй нэгж өрсөлдсөнөөс “Тэнгэрлэг ой” ХХК 94 сая төгрөгөөр буюу хамгийн бага үнийн дүн санал болгон шалгарчээ.
Уг компани төслийн ажлаа 2022 оны 6-р сарын 30-нд хүлээлгэж өгөхөөр гэрээ хийж, Хяргас нуурын эрэгт 2.8 км хаалт, нийт соруулдаг 10 эко жорлон, ангилан ялгах зориулалттай хогийн сав, Хэцүү хаданд зөөврийн 3 эко жорлон тус тус байгуулсан байна. Жуулчдын хөл эхлэхээс өмнө хийж дуусгасан ч энэхүү ажил харамсалтай нь Хяргас нуурын асуудлыг шийдвэрлэж чадсангүй.
/Зургийг Увсын өнгө.мн хуудаснаас ашиглав. 2022.08.11/
Хяргас нуурын орчимд байрлах “эко жорлон нь” дахин дахин соруулж ашиглах зориулалттай, ердөө 120 литрийн багтаамжтай тул хурдан дүүрчихдэг учраас ихэнхдээ цоожтой байдаг гэнэ. Хог ангилан ялгах хогийн сав байршуулсан хэдий ч хог дахин боловсруулах газарт аваачдаг эсэх нь эргэлзээтэй, бас л дорхноо дүүрчихдэг учраас эргэн тойрон нь хогийн цэг болон хувирчээ. Эко жорлон, хог ангилан хаях хогийн сав байрлуулахын цаад зорилго нь дахин боловсруулж, байгальд ээлтэй байлгах биш үү? Гэтэл энэ бүтээн байгуулалт ёстой л нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэдэг зүйл болжээ.
Яг энэ төсвөөр 35 ширхэг бордоо боловсруулдаг жинхэнэ “эко жорлон” эсвэл 522 ширхэг хог хаягдлыг зөөх боломжтой, дороо дугуйтай, ангилан хаядаг хогийн сав авах байжээ. Байгаль хамгаалагчид, орон нутгийн иргэд энэ талаар гомдол хэлж, сэтгүүлчид сурвалжилга хийсэн ч ийм шаардлагад нийцээгүй тендер, төслийг хэрэгжүүлсэн эзэн, шалгаруулж, хүлээн авсан албан тушаалтанд хариуцлага тооцох нь Монгол улсад даан ч ховор. Иргэд ч энэ мэт нүдэн дээрх асуудлынх нь гол шалтгаан, ийм асуудлыг шийдэх гол шийдэл нь ч тэр орон нутгийн төсөв, төсвийг боловсруулж, хэрэгжүүлэн, хянах тогтолцоо гэдгийг хараахан ойлгож амжаагүй байна. Яг энэ асуудал өөр улсад болсон бол юу болох байсан бэ?
Филиппин улс 2016 оноос эхлэн улсын төсөвт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх “bottom-up budget” буюу “доороос дээш” төсвийн арга замыг хэрэгжүүлж эхэлжээ. Тэд улсын төсөв, орон нутгийн төсвийг ямар асуудлыг шийдэхэд зарцуулах эсэхийг шийдэх, хуваарилах, хянах зэрэг явцад олон нийтийн уулзалт, хурал, бүлгийн ярилцлага зэрэг оролцооны олон төрлийг ашиглан иргэдийг оролцуулж эхэлжээ. Мөн “Мэдээллийн эрх чөлөө” /Freedom of Information/ хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдээс улсын төсвийн зарцуулалттай холбоотой гомдлыг хүлээн авдаг болсон байна. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 130 000 орчим улсын төсвийн зарцуулалттай холбоотой гомдол хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Хамгийн амжилттай жишээ нь 2020 онд Филиппин улсын эрүүл мэндийн салбар Ковид-19 цар тахалтай тэмцэх зорилготой 22.1 тэрбум ам.долларын төсвийг тодорхойгүйгээр зарцуулсан талаар иргэд гомдол мэдүүлсний үр дүнд уг хэрэгтэй холбоотой 19 албан тушаалтанд хэрэг хүлээлгэсэн байна.
Хэрвээ Хяргас нуурын орчмын шаардлагад нийцээгүй бүтээн байгуулалттай адил тохиолдол Филиппин улсад болсон бол иргэд гомдол гаргаж, үр дүнд хүрч чадах байжээ. Хэдий Монгол улс bottom up budget буюу орон нутгийн төсөвт иргэдийн оролцоог хангах оролдлого хийж, орон нутгийн хөрөнгө оруулалтын санд иргэдийн саналын авч эхэлсэн нь сайшаалтай ч, орон нутгийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө нь орон нутгийн нийт төсөвтэй харьцуулахад маш бага хувийг эзэлнэ. Түүнчлэн иргэд гомдол гаргах байтугай, орон нутгийнхаа төсвийн тухай баримт бичиг, мэдээллийг хайж олох боломж хомс, ойлгомжгүй, иргэдэд ээлгүй хэвээрээ байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!