JCI Монгол байгууллагын 2000 орчим хүүхдийн амь аварсан “Save Angels” төсөл 8 дахь жилдээ
Өнөөдөр буюу 11-р сарын 17-нд дэлхийн дутуу төрсөн нярайн өдөр тохиож байна. Энэ өдөр ЭМЯ дээр JCI Монгол ТББ-аас хэрэгжүүлдэг дутуу төрсөн нярайн эндэгдлийг бууруулах зорилготой “Save Angels” төслийн хүрээнд дутуу төрсөн нярайд үзүүлэх тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 400 орчим сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг Говь-Алтай болон Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд гардуулах ёслол боллоо.
Тус ёслолд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, JCI Монгол байгууллагын 2022 оны үндэсний ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн, салбар байгууллагын гишүүд мөн Говь-Алтай болон Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн төлөөллүүд оролцлоо.
Энэ жил 30 жилийн ой нь тохиож байгаа JCI Монгол байгууллага нь эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залууст олгох эрхэм зорилготой нийгэмд хандсан олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг залуусын сайн дурын оролцоо дээр суурилсан төрийн бус байгууллага юм.
JCI Монгол байгууллага нь Save Angels төслийг 2015 оноос хойш жил бүр тогтмол хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн 8 жилийн хугацаанд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Амгалан амаржих, Өргөө амаржих, Архангай, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг зэрэг газруудад дутуу төрсөн нярайд нэн шаардлагатай 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг тусламжаар хандивлаж, эх дэлхийдээ ирэх гэж яаран дутуу төрсөн нийт 2000 орчим нярайн амь насыг авраад байна.
JCI Монгол байгууллага энэ жилээс төслийн цар хүрээг улам өргөтгөж Hello baby аппликэйшнтэй хамтран дутуу төрөлт, төрөхийн хүндрэл, нярайн эндэгдэл зэрэг эх нярайн эрүүл мэндийн аливаа эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор, эхчүүдийн жирэмсний үеийн эрүүл мэнд, нярайн асаргаа, нярайн эрүүл мэндийн талаар технологид суурилсан боловсрол, мэдлэг, олгох эрүүл мэндийн мастеркласс бүхий контент бэлтгэн hello baby аппликэйшнээр дамжуулан жирэмсэн эхчүүдэд хүргэх чиглэлээр “Save Angels-Digital Health” төслийг санаачлан хэрэгжүүлээд байна.
Эх дэлхийдээ ирэх гэж яарсан бяцхан сахиусан тэнгэрүүдийг аврахын төлөө өгөөмөр сэтгэлээр хандив өргөсөн Save Angels төслийн нийт хандивлагчдадаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
