Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

С.Мөнхчулуун: Нийлүүлэгчидтэй үнийг хэлцэн тогтоох гэрээ байгуулсан “Номин тав трейд” ХХК-д ₮6.9 тэрбумын торгууль ногдуулсан

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус газраас "Номин тав трейд" компанид 6.9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна. 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Агентлагийн даргын 01/20 дугаартай удирдамжийн дагуу супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжууд болон Засгийн газрын 2022 оны тав дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд хийсэн хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар “Номин тав трейд” ХХК, “Боса” ХХК, “Моннидер” ХХК, “Дижитал концепт” ХХК-уудын “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд 2022 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 2202000282 дугаартай зөрлийн хэрэг нээн шалгасан.

“Дижитал концепт” ХХК, “Боса” ХХК, “Моннидер” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн гэрээ нь өрсөлдөөнийг хязгаарласан болох нь тогтоогдоогүй байх тул өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин тус зөрчлийн шинжтэй үйлдэлд “Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн найм дахь заалтад заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний буюу 6,991,078,000 /зургаан тэрбум есөн зуун ерэн нэгэн сая далан найман мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэлээ" гэв.

зураг
 
ШӨХТГ