Бэлтэс мөрөн ХХК-д 300 орчим тэрбум төгрөг алдсан хохирогчдын төлөөлөл Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын гадна өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд АТГ-т шаардлага өгч, УИХ-ын даргад хүсэлт хүргүүлнэ гэдгийг хэлэв.
Энэ талаар хохирогчдын төлөөлөл "Энэ хэрэгт шат шатны байгууллага, АТГ-ынхан дорвитой хяналт шалгалт хийхгүй байна. Өөрөөр хэлбэл, аймагт хэрэг шалгаж байгаа гэх мөртлөө дүр эсгэсэн арга хэмжээ явагдаж байгаа. Тиймээс 2,000 гаруй хохирогчийн төлөөлөн АТГ-т хандаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүргүүлж байгаа юм.
Аймгийн иргэдээс хэдэн зуун тэрбум төгрөг залилж авсан 6-7 гишүүнтэй тэр гэр бүл одоо Улаанбаатар дахь хамгийн үнэтэй цэгүүдэд байр авч амьдарч байна. Тэд метр квадрат нь 4.5 сая төгрөгийн үнэтэй хаус аваад тансаг орон байранд жаргаж, Ланд 200, LX 570 авч унаад цэнгэж байна. Чухам ямар эрхтэй гэж иргэдийн хэдэн зуун тэрбум төгрөгөөр цалгиж, гулгиж явна вэ. Үүнд яаралтай хүчний байгууллага ажиллахгүй бол болохгүй нь ээ. Бүх юм дууссаны хойно чихийг минь огтлоод ав, өөр зүйл байхгүй гээд сууж байх вий" гэлээ.
Мөн үргэлжлүүлэн "Энэ хэрэгтэй холбогдуулан гэр бүлийн зургаан хүний нэр дурдагддаг. Энэ хүмүүсийн гурвыг нь түр саатуулж байсан. Гэтэл одоо иргэдээс 300 орчим тэрбум төгрөг залилан мэхэлж авсан эдгээр этгээдийг гадуур шалгаж байгаа нэртэй чөлөөлсөн байна. Та бүхэн бод доо... Энэ бол 10 сая, 100 сая төгрөгийн асуудал биш. Хэдэн зуун тэрбум төгрөгөөр яригдах маш их хэмжээний мөнгө. Энэ луйвар яагаад гарав, хөрс суурь нь юунд байна вэ гэвэл хууль хэрэгжүүлдэггүй, хариуцлагагүй ажилтнуудын үйлдэлтэй шууд хамаатай.
Тиймээс аймгийн Засаг дарга, Татварын албаны дарга, Улсын бүртгэл хариуцсан мэргэжилтэн болон бусад холбогдох хүмүүсийг шалгахыг шаардаж байна. Бэлтэс мөрөн ХХК бол зөвхөн газар тариалан, ногоо тарих эрхийн гэрчилгээтэй байсан. Гэтэл үүнд нь аймгийн Улсын бүртгэл хариуцсан мэргэжилтэн шууд санхүүгийн тайлан, аудит хийдэг хэмээн бичсэн байгаа юм.
Хөвсгөл аймгийн Засаг дарга үүнийг шалгаж зогсоох ёстой байсан ч ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Аймгийн татварын албаны дарга албан ажлын гэмт хэрэг хийсэн. Маш олон хүний мөнгө төвлөрүүлсэн гэдгийг мэдэж байсан. Бэлтэс мөрөн 1.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа гэж хуурамч тайлан авчраад 117 сая төгрөгийн татварын ногдуулалт хийхэд бараг л аймгийн оны шилдгийн шилдэг аж ахуй нэгжээр зарласан. Тиймээс эдгээр хүмүүсийг шалгах нь зүйтэй" гэв.
Түүнчлэн "Өмнө нь тэд Нэмэх даатгал гэдэг нэрээр иргэдийн тэтгэврийн мөнгийг хоёр дахин нэмж өгөх нэрийдлээр луйвар хийж байсан. Улмаар нийгмийн даатгалын мэргэжилтнүүд шалгаж, хууль бус үйлдлийг нь тогтоосон байдаг. Тухайн үед залилангийн хэргийг нь цагдаад өгөхөөр аймгийн цагдаагийн газраас шалгаад тус компани нь олон сая төгрөг залилсан байхад зөрчлийн хэрэг хэмээн үзээд торгоод өнгөрөөж байсан.
Ингээд Нэмэх даатгал компани үйл ажиллагаагаа зогсоосны дараа 2021 оны эхээр дээрх залилан мэхлэгч этгээдүүд эцэг эхийнхээ нэр дээр байсан Бэлтэс мөрөн нэртэй ногоо тариалах эрхтэй компанийг санхүүгийн үйлчилгээний байгууллага болгосон. Бэлтэс мөрөн бол жинхэнэ хүний төлөөх байгууллага, ядарсан улсуудад буяны хандив өгдөг гэх мэтчилэн толгой эргүүлсэн маш олон яриа гарсан. Улмаар иргэдийн мөнгийг өсгөж өгөх нэрийдлээр луйвар хийж эхэлсэн. Тэд эхэндээ иргэдийн мөнгийг 50 хувь, 100 хувь хэд дахин өсгөсөн талаар яриа байдаг. Нутгийн зовж зүдэрсэн иргэд маш их итгэсэн" гэдгийг ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!