Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Чин сэтгэлээ зориулан ажилладаг баг хамт олноороо бахархдаг”

ikon.mn
2022 оны 7 сарын 26
iKon.MN
зураг
 

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

Цэвэрлэгээ, хангамжийн үйлчилгээний салбарын анхдагч “Юнисервис Солюшн” ХХК

“Чин сэтгэлээ зориулан ажилладаг баг хамт олноороо бахархдаг”

зураг
 
Зүүн гар талаас хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн П.Батцэцэг, маркетинг-судалгааны менежер Э.Ундрах, цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан Б.Золбаяр, цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан ахлах ажилтан Э.Хандмаа, Үйлчилгээний албаны супервайзор Б.Ариунжаргал

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилладаг

Бүртийх хоггүй, толийтол нь цэвэрлэсэн шал, гял цал ариун цэврийн өрөө, гоёмсог ургуулсан цэцэгс. Оффис болон ариун цэврийн өрөө цэвэр цэмцгэр байхад үйлчлүүлэгчид төдийгүй ажилчдын сэтгэл санаа өөдрөг байж, аз жаргалтай уур амьсгал бий болдог хэмээн ярьдаг.

Улаанбаатар хот өдрөөс өдөрт цэцэглэн хөгжихийн хэрээр бүтээн байгуулалт хурдацтай өрнөж байна. MCS группийн охин компаниудын нэг болох “Юнисервис Солюшн” ХХК нь 1999 онд байгуулагдсан ба НҮБ, гадаад улс орнуудын элчин сайдын яам, томоохон банк, худалдааны төв, “Чингис Хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудал зэрэг олон албан байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг. Дэлхийн жишигт хүрсэн цэвэрлэгээ, катерингийн үйлчилгээ үзүүлэхийн тулд Солонгос улсаас мэргэжилтэн урих, 9000 гаруй гишүүн байгууллагатай ISSA (International Sanitary and Supply Association) олон улсын холбоонд гишүүнээр элсэх зэргээр бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн чадварлаг мэргэшсэн багийг бүрдүүлэн ажиллаж байна.

Дэлхийн хөгжлийг Монголд” уриатай MCS групп нь эрчим хүч, барилга, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, мэдээлэл харилцаа холбоо, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, бусад төслүүд зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт үндсэн 9329 ажилтантай.

“Юнисервис Солюшн” ХХК-ийн Улаанбаатар хот дахь төв салбарт 600 орчим хүн, Өмнөговь аймаг дахь салбарт 300 орчим хүн ажилладаг. Төв салбарын маркетинг-судалгааны менежер Э.Ундрахын ярьж буйгаар нийт ажилчдын 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэнэ. Тиймээс орлого багатай өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжиж, аль болох ажилд авахыг зорьдог.

Анх 2005 онд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн харьяа МСҮТ-ээс MCS группийнхэнд “төгсөгчдөөсөө ажилд оруулах хүсэлт” тавьснаар хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулж эхэлжээ. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх асуудал эрчтэй хөндөгдөж байсан ба нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэг хөгжлийн бэрхшээлтэй залууг тогоочийн орон тоонд дадлагажигч ажилтнаар авч ажиллуулсан байна.

Түүнээс хойш өдийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тасралтгүй ажиллуулсаар байгаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хот дахь төв салбарт тархины үйл ажиллагааны эмгэг, сонсголын бэрхшээл зэрэг нийт 29 хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс жолооч болон цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна.

Цэвэр цэмцгэр байдлаас аз жаргалыг мэдэрдэг

зураг
 
“Юнисервис Солюшн” ХХК-д 10 дахь жилдээ ажиллаж буй Золоо

“Би ажилдаа маш дуртай, цаашдаа ч эндээ ажиллана даа. Гадуур явж байхдаа газарт унасан хог тааралдвал өөрийн эрхгүй түүгээд авчихмаар болдог шүү” хэмээн хэвлүүхэн ярих залууг Б.Золбаяр гэдэг. Хамт олон нь түүнийг Золоо хэмээн дотночлон дуудна. Золоо тархины саажилттай бөгөөд тус компанид 10 дахь жилдээ ажиллаж байна.

Золоо Дархан хотод төрж өссөн. Долоон нас хүртлээ аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдарч байгаад аавыгаа бурхан болсноос хойш ээжийнхээ тулах багана болж, гэрийнхэндээ тус дэм болох юм сан гэж өөртөө амлажээ. Дарханы нэгэн олон улсын байгууллагын дэргэдэх хүлэмжид хүнсний ногоо хураах ажил хийж байхдаа энэ чиглэлээр мэргэшиж, суралцахаар шийдсэн гэнэ. Тэрбээр сурч мэдэх хүсэлдээ хөтлөгдөн 2010 онд Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил сургалт олгох МСҮТ-д элсэж, гадна талбайн цэцэрлэгжүүлэлт мэргэжлээр суралцжээ. Сургуулиа төгссөн даруй MCS группт дадлагажигчаар ажилд орж, оффисын гадна талбайн мод зүлэг арчилж байгаад 2012 оны 7-р сард MCS группийн охин компани болох “Юнисервис Солюшн” ХХК-д үндсэн ажилтнаар ажилд оржээ.

Одоо компанийнхаа “Анун” төв байрны гадна талбайн цэвэрлэгээг голлон хийдэг. Өглөө бүр таван цагт сэрээд, 06:45 цагт гэрээсээ гарна. Харин өвлийн улиралд эхнэр, охин хоёроо сэрэхээс өмнө галаа түлж гэрээ дулаацуулчхаад ажилдаа гардаг гэнэ. 07:30 цагт ажил дээрээ ирээд хувцсаа солиод ажилдаа орно. Түүний үндсэн гүйцэтгэх ажил бол орох хаалганы хэсгээс эхлэн гадна талбайг хөнгөн шүүрдэх, тамхины цэг, машины зогсоолын цэвэрлэгээ, агуулах доторхыг цэгцлэх. Яг энэ дарааллаар өглөөнөөс орой хүртэл хичээнгүйлэн ажиллах ба ажлаасаа залхах бус, харин ч өөрийн ажил мэргэжлээр бахархдаг нэгэн. Маш олон хүмүүст цэвэр цэмцгэр орчин бэлэглэж буй хүндтэй ажил хийдэг учраас өөрөөрөө болон хамт олноороо үнэхээр их бахархдаг гэнэ. “Бороотой үед борооны ус зайлуулах, өвөл хөлдөж тогтсон мөсийг хүрзээр хусах, зун зүлэг ногоогоо услах, намар газарт унасан навчсыг шүүрдэнэ. Тэгэхээр би чинь жилийн дөрвөн улиралд өөр өөр ажил хийж байгаа биз, улирал бүрийн онцлогийг маш сайн мэддэг болсон. Миний ажил маш сонирхолтой” хэмээн гайхуулан ярьж байлаа.

Золоо маань МСҮТ-д хамт сурч байсан ангийнхаа охинтой гэр бүл болсон ба өдгөө долоон настай охиныхоо хамт ам бүл гурвуулаа амьдарч байна. Орой 18 цаг орчимд гэртээ ирээд түлээ хагалах, охиныхоо гэрийн даалгаврыг хийлгүүлэх гээд аавын үүргээ биелүүлчхээд 22 цагт унтаж амарна. “Миний өдий зэрэгтээ яваа маань ээжийн минь л ач” хэмээн талархан ярьж байсан юм.

Ээж нь түүнийг бага байхаас нь аль болох хүмүүстэй нийгмийн харилцаанд оруулдаг байжээ. Охин дүү нараа сургуульд нь хүргэж өгч авах, ойрхон дэлгүүр орох гэх мэт. Дэлгүүрт ороод худалдагчид юу авахаа хэлж чадалгүй, хоосон ороод ирэхэд ээж нь авах зүйлсийг цаасан дээр бичиж өгөөд дахиад л явуулдаг байсан гэнэ. Гадуур явж байхдаа хүмүүст дээрэлхүүлж, таагүй үг сонсох нь нэг хоёр удаа бус. Уйлаад л гэртээ ороод ирэх бүрд ээж маань “Хүмүүс чамайг нэг, хоёр удаа дээрэлхэнэ, хэсэг хугацааны дараа өөрсдөө ч залхаж, зарим нэгнийх нь үзэл бодол өөрчлөгдөж нэг л мэдэхэд хэн ч юу ч хэлэхээ болино шүү дээ” хэмээж урмаар хүмүүжүүлж өсгөсөн юм даа.

16 нас хүрч иргэний үнэмлэхээ авсан тэр өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэмжийн дэвтрийг минь надад өгч билээ. Цаашдаа биеэ дааж мөнгө, санхүүгээ өөрөө зохицуулж сураг гэсэн ээжийн минь ухаан байж дээ.

“Тухайн үед ээжийн хатуу хандаж байгааг ойлгодоггүй байжээ. Одоо бодох нь ээ ирээдүйд хүний гар харалгүй, өөрийгөө аваад явчих хэмжээний чадвартай болгох гэсэн эхийн агуу хайр байсан юм байна лээ. Би одоо маш жаргалтай амьдарч байна. Энэ амьдралдаа, хайртай бүхэндээ талархаж явдаг” хэмээн сэтгэлээ уудалж, сайхан яриа дэлгэсэн юм.

Тохирсон ажилд хуваарилах замаар тогтвортой ажлын байрыг бий болгоно

зураг
 
“Юнисервис Солюшн” ХХК-ийн Үйлчилгээний албаны супервайзор Б.Ариунжаргал

“Золоо маань манай байгууллагын манлайлагч, зүтгэлтэй ажилчдын нэг” хэмээн ярих бүсгүй бол үйлчилгээний албаны супервайзор Б.Ариунжаргалын хариуцсан хэсэг  75 ажилтантай. Золоотой нийлээд гурван хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна.

Бид харилцагч байгууллагууд руу ажилчдаа багаар нь илгээдэг. Тиймээс хуваарилагдаж очсон ажилчдын хичээл зүтгэл,  хандлагаар манай байгууллагыг тодорхойлох учраас ажилчдаа хаана, хэнтэй нэг баг болгон хуваарилах тал дээр анхааран ажилладаг. Нэг ёсондоо бид чинь байгууллагынхаа нүүр царай л гэсэн үг.

Б.Ариунжаргал супервайзор өмнө нь цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан туршлагатай. 2020 оноос хойш тус компанид ажиллаж байна. Гадна цэвэрлэгээ бол маш хүнд ажил. Жилийн дөрвөн улиралд хүйтэнд хөрч, халуунд халсан ч ажрахгүй ажиллах ажилчдаараа би үнэхээр бахархдаг. Өвлийн тэсгэм хүйтнийг ч ажралгүй сэтгэлээсээ ажиллах Золоогоо хараад их бахархдаг. Ажлаа хийж байхдаа хэнээс ч илүү жаргалтай болчихдог учраас Золоогийн маань хобби нь эргэн тойрон, ажлын орчноо цэвэр цэмцгэр байлгах гэж ч хэлж болно. (инээв)

Золоо маань байгууллага, хамт олон биднийхээ итгэлийг хүлээсэн сайн ажилтан. Залуу хүн гэхэд түүнээс сурах зүйл их бий. Хийх ажлаа бусдаар хэлүүлээд байлгүй, өөрөө мэдээд хийчихдэг, шинэ ажилчдад хүртэл хийх ажлыг нь дагуулж яваад заагаад өгчихнө. Саяхан өвчтэй ажилтны оронд үйлчилгээний захиалга өгсөн нэгэн компанид Золоо очиж ажилласан юм. Хэд хоногийн дараа тухайн компаниас “Танайхаас явуулсан ажилтан хичээнгүйлэн маш сайн ажилласан шүү, тиймээс дахиад өөр ажилтан санал болгооч” гэсэн хүсэлт ирсэн. Золоо маань байгууллага, хамт олон биднийхээ итгэлийг хүлээсэн сайн ажилтан.

Зарим нэг ажил олгогч, ААНБ-ууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг урт хугацаанд тогтвортой ажиллаж чаддаггүй гэж эндүүрдэг. Цэвэрлэгээ үйлчилгээний салбарын ажил хүнд учраас хэсэг хугацаанд ажиллаад шантраад болих хүн олон байдаг. Тухайн хүнийг ажилд авахдаа маш сайн судалж, ярилцсаны дүнд тохирсон ажилд хуваарилж чадвал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бүгд Золоогийн адилаар урт хугацаанд тогтвортой ажиллаж чадна. Ингэснээр байгууллагад ч олон эерэг бөгөөд давуу тал гарч ирдэг гэдэгт итгэлтэй байна.

зураг
 
Өдөр бүрийн тогтмол хийдэг ажлын нэг болох машины зогсоолоо цэвэрлэж буй байдал

“Юнисервис Солюшн” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд авч үздэг. ХАБ менежер П.Батцэцэг ажлын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд өглөө бүр ажил эхлэхийн өмнө бүх ажилчдад аюулгүй байдлын чиглэл өгдөг. П.Батцэцэгийн хувьд Золоотой олон жил хамтарч ажиллаж байгаа бөгөөд түүнийг хэнээс ч илүү сайн мэднэ. Найрсаг зан ааш, ажилдаа өөриймсөг хандах, асуудал тулгарсан үед өөрийн зүгээс хийж чадах бүхнээ хийх, эсвэл хамт олонтойгоо зөвлөлдөн ярилцах гээд түүнд сайн чанар зөндөө бийг онцлон ярьж байлаа. Үнэхээр итгэл даасан сайн ажилчдын маань нэг. Золоо маань анх ажилд орсон цагаасаа одоог хүртэл зан ааш, ажил мэргэжлийн хувьд огтхон ч өөрчлөгдөөгүй. Яг л нэг зангаараа, хичээнгүйлэн ажиллаж хамт олондоо эерэг уур амьсгал түгээсээр байна. Өөрчлөгдсөн зүйл гэвэл гэр бүлтэй болж олуулаа болсон доо” хэмээх агшинд өрөө дүүрэн инээд болов.

Дэмжлэг үзүүлэх явцдаа аажмаар бие даан ажиллах боломжийг бүрдүүлдэг

зураг
 
Золоог бүх талаар дэмждэг хамт олон нь

Үйлчилгээний албаны баг хамт олон, ажилчдынхаа ур чадварт анхааран чанартай сайн үйлчилгээг үзүүлэх эрхэм зорилгын доор нэгдэн, нэг сэтгэлээр ажиллаж байна. Ахлах ажилтан, менежерүүд зэрэг дунд шатны ажилчид өөрсдийн мэддэг бүхнээ өөрийн удирдлага доорх ажилтнууддаа зааж сургах замаар цэвэрлэгээ үйлчилгээний салбарын шинэ технологи, ноу-хауг хуваалцдаг.

Тэдгээр ажилчдын нэг бол ахлах менежер Э.Хандмаа юм. Э.Хандмаагийн хувьд хариуцсан ажилтнуудынхаа хуваарилагдан очсон ажлын байран дээр өөрийн биеэр очиж, ажлын байр байдалтай нь танилцдаг. Мөн шинээр орсон ажилчдад ажил үүргийг нь чиглүүлэн зааж өгдөг. Тухайн ажилтныг ажилдаа дасаж бие даан ажиллаж сурах хүртэл өөрийн биеэр дагуулан хийж сургах байдлаар ажлын агуулга, дарааллыг тодорхой бөгөөд дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. Дэмжлэг үзүүлэх хугацаа хүн бүрд харилцан адилгүй ба гурван хоногоос нэг долоо хоног орчим зарцуулдаг. Монгол Япон хоёр улсын Засгийн газрын хүрээнд бэлтгэгдэж буй ажлын байрны дадлагажуулагчийн гүйцэтгэх үүргийг ахлах ажилтан Э.Хандмаа хэдийн байгууллагадаа нэвтрүүлэн ажиллаж байна.

“Юнисервис Солюшн” ХХК-д 12 дахь жилдээ ажиллаж буй маркетинг-судалгааны менежер Э.Ундрах “Манай ажилчдын хийдэг ажил хүнд ачаалал их байдаг. Бид чинь мэргэшсэн ажилтныг харилцагч нартаа илгээх ёстой байдаг учраас, оюун болон сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авах боломжгүй байдаг.

Хэдий тийм ч цаашдаа харилцагч талууддаа хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт өгч, харилцан ярилцаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх” хүсэлтэй буйгаа онцолж байлаа.

АНУ, БНСУ зэрэг улсад зохион байгуулагддаг олон улсын хуралд тасралтгүй олон жил идэвхтэй оролцож, Монголдоо цэвэрлэгээ үйлчилгээний салбарын дэлхийн стандартыг түгээн таниулж буй “Юнисервис Солюшн” ХХК-ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. “Юнисервис Солюшн” ХХК-ийн авч хэрэгжүүлж буй хүний нөөцийн бодлогод Монгол Япон хоёр улсын Засгийн газрын хүрээнд бэлтгэгдэх “Ажлын байрны дадлагажуулагч” хэмээх мэргэшсэн ажилтны хийж гүйцэтгэх үүрэг тусгагдсан байгаад үнэхээр талархууштай. Цаашид Монгол Улсын Засгийн газартай хамтран ажлын байрны дадлагажуулагчийн механизмыг бүрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээний салбарын соёлыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх үйлс нь өөдөө байх ерөөлийг дэвшүүлье.

Байгууллагын мэдээлэл: 

Байгууллагын нэр

“Юнисервис Солюшн” ХХК (USS)

Үйл ажиллагаа

Катеринг, цэвэрлэгээ болон хангамжийн үйлчилгээ

Нийт ажилтны тоо (MCS групп)

9329 хүн

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо (MCS групп)

332 хүн

Нийт ажилтны тоо (Юнисервис Солюшн ХХК)

Ойролцоогоор 900 хүн (Улаанбаатар: 600 хүн, Өмнөговь: 300 хүн)

Нийт ажилтны тоо (Үйлчилгээний алба)

 420 хүн /УБ хот/

Нийт хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо (Юнисервис Солюшн ХХК)

29 хүн (Улаанбаатар хотын төв салбар) (Тулгуур эрхтэн, хэл яриа, сонсголын бэрхшээл гэх мэт )

Нийт хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо (Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтэс)

 

3 хүн (Хэл яриа, сонсгол, тулгуур эрхтний бэрхшээл гэх мэт )

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах болсон шалтгаан

2005 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас төгсөгчдөөсөө ажилд авах хүсэлтийг MCS группт тавьсан

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

Дунд түвшний ажилчдыг хөгжүүлэн сургадаг. Ингэснээр тэд ажлын байрны дадлагажуулагчийн хувиар шинэ ажилчдад ажлын агуулга, дэс дараалал зэргийг чиглүүлэн зааж, аажмаар дэмжлэгээ багасгаж ажлын байран дээр бие даан ажиллах боломжийг бий болгодог.

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ:

2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 77073008, 77032222